Тагнуулын ерөнхий газар, цагдаагийн байгууллагын ажилтнуудыг түргэн авахуулсан хэрэг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт боллоо. Иргэний нисэхийн ерөнхий газар руу нэг хүн утасдаад “Нийсэхийн хөдөлгөөний үзлэгийн төвд тэсрэх бөмбөг тавьсан. Удахгүй дэлбэрнэ” гэжээ. Сүрдүүлсэн мэдээг 11.00 цагт авсан даруй нисэхийн Цагдаагийн хэлтсийнхэн шуурхай арга хэмжээ авч, шалгалт хийсэн юм байна. Мөн энэ ажиллагаанд тагнуулынхан оролцжээ. Шалгалтын явцад дээрх мэдээлэл хуурамч байсныг тогтоосон аж. Хуурамч мэдээлэл өгсөн этгээд хэн байв, түүнд ямар хариуцлага хүлээлгэх талаар тус цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Сүхбаатараас тодрууллаа.
-Мэдээллийн мөрөөр тагнуул, цагдаагийнхан олон хоног өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан гэсэн үү?
-Мэдээлэл ирсэн даруй тагнуулынхантай хамтарч шалгалт хийсэн. Энэ сарын 25-ны 12.00-24.00 цагийн хоооронд бид ажилласан.
-Энэ мэдээллийг хэн гэдэг хүн өгсөн юм бол. Дугаараа нууцалсан байсан гэсэн үү. Түүнийг саатуулсан уу?
-Дугаараа нууцлаагүй залгасан болохоор заналхийлсэн хүнийг өдөрт нь илрүүлсэн. Энэ хүн өмнө нь цагдаагийн 102, яаралтай түргэн тусламжийн 103 гэх мэт утас руу гар утаснаасаа удаа дараа залгаж, хуурамч мэдээлэл өгч байсан юм билээ. Хуурамч мэдээлэл өгсөн хүнийг саатуулдаггүй. Харин торгох арга хэмжээ авах хуулийн заалттай.
-Яагаад ийм мэдээлэл өгсөн юм бол. Цагдаагийн 102 тоот руу нэг шөнө 126 удаа залгасан нэг эр байсан. Тэр хүн биш биз дээ?
- Шалгаж байгаа учраас тэр хүн мөнөэсэхийг мэдэхгүй. Сонгинохайрхан дүүргийн харьяат, тодорхой эрхлэсэн ажилгүй хүн юм билээ. Сэтгэцийн өөрчлөлттэй эсэхийг тогтооно гэв.
Улсын онцгой обьектод багтдаг Иргэний нисэхийн ерөнхий газар руу анх удаа заналхийлсэн мэдээлэл ирсэн нь тагнуул, цагдаагийнхныг сандаргажээ. Мэдээлэл өгсөн хүн нь сэтгэцийн өөрчлөлттэй байж болзошгүй ч хэрвээ тэсрэх бөмбөг тавьсан бол үүсэх хохирол асар их учир тагнуулынхан одоо ч ажиглалт хийсээр байгаа аж.
Ер нь Шуурхай удирдлагын төвд хуурамч мэдээлэл өгөх нь цөөнгүй гардаг аж. Худлаа мэдээлэл өгсөн хүнийг Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар торгож, гарсан зардлыг өөрөөр нь төлүүлдэг юм байна.
Х.Оюунсүрэн