Театрын эх орон Франц улсын Парисын алдарт Сара Бернарын театрт тэртээ 1961 онд дэлхийн олон орны шилдгүүд цуглаж, өөр өөрсдийн жүжгээ тоглож, өвөрмөц сайхан наадам хийжээ. Улмаар наадамд оролцогсод "Эв нэгдэл харилцан ойлголцол энх тайван" уриан доор нэгдэж, тэндээс театрын баярыг хүн төрөлхтний баяр болгохоор шийдвэрлэснээр Дэлхийн театрын өдрийг жил бүр тэмдэглэдэг болсон түүхтэй. Дэлхийн театрын өдрөөр “Pro” театрын найруулагч Б.Даваасүрэнг урьж, товч ярилцлаа. Тэрбээр Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” жүжгийг найруулж, шүүмж, судлаачдаас өндөр үнэлгээ аваад буй.
-Дэлхийн театрын өдрийн мэнд хүргэе ээ. Харьцангуй туршлага суусан хойноо Монголдоо ирж “Инээмтгий хүн” жүжгийг найрууллаа. Үзэгчид цахим орчинд өөр өөрийнхөөрөө сэтгэгдлээ бичсээр байна. Цөөнгүй тоглолтын ард гарлаа, үзэгчдийн төлөвшил хандлагыг ажиглав уу?
-Үзэгчид их боловсорчээ. Их соёлтой болж. Оройдоо театрт л жүжиг үзье гээд зориод ирэх залуус нэмэгдсээр. Манай ангийнхны Монголд ирээд хийсэн анхны уран бүтээл хүүхдийн жүжиг байлаа. Өөрсдөө театр үзэхээс илүү гоё хувцсаа өмсөөд, хүүхдүүдээ дагуулаад ирвэл илүү гоё шүү дээ. Эндээс хүүхэд төлөвшинө. Том хүн, хүүхдийн уран бүтээл аль алиныг нь хийж үзлээ. Залуус театрыг илүү их зорьж ирж байна. Харин хүүхдээ дагуулж ирэх нь ховор юм уу гэж ажигласан.
-“Инээмтгий хүн” жүжгийн дүрүүдээ ихээ онож хуваарилсан санагдсан. Орост сурч, ажиллаж, уран бүтээлд тоглож, найруулж байгаад ирсний хувьд манай жүжигчдийн ур чадвар оросын театрынхнаас хэр байгааг сонирхмоор санагдлаа.
-Жүжигчдийн хувьд ангийнхаа хүүхдүүдтэй хамтарснаас гадна Монголоос туршлагатай жүжигчдийг урьж “Иинээмтгий хүн”-д тоглуулсан. Монголын уран бүтээлчдийг оросын жүжигчидтэй харьцуулахад дутаад байх юм алга. Харин ч зүйл дээр илүү гарна. Тиймээс сонгож авсан жүжигчдэдээ сэтгэл машид хангалуун байна.
-Жүжигтээ оюутнуудыг урьж оролцуулсан байсан. Оюутнуудад өгөөжтэй, мэдлэгийг нь тэлсэн, туршлага болсон шиг санагдсан. Сонгож авсан залуу уран бүтээлчдийнхээ тухай ярихгүй юу?
-Сити их сургуулийн оюутнууд манай жүжгийн бас нэг чимэг. Тэд бас жүжгийн нүүр хувиргагчаар давхар ажилласан. Ирээдүйд Монголын театрын хөгжил ямар байхыг оюутнуудаас харлаа. Тэд жүжигтээ дурлаж, зүрх сэтгэлээ зориулж, хайрлаж байгаа нь бидэнтэй агаар нийлж, маш их зохицож ажилласан.
-Жүжгийн нээлтээ хийхдээ хэр догдолж сандарсан бэ?
-Бид одоогоор 15 тоглолтын ард гараад байна. 12 дахь тоглолтын араас жүжиг хүмүүст илүүтэй хүрч, санаагаараа, сэтгэлээрээ, хүсэж, зорьж ирсээр буй. Би жүжигчин мэргэжилтэй. Жүжгийн нээлтийн үеэр гэхээс илүүтэй үзэгчдийн суудалд тухлаад урдаас харж суухдаа илүү сандарсан. Анхны уран бүтээлээ Монголдоо хийчхээд үзэгчдийн дунд суухад сэтгэл их түгшсэн. Одоо ч бүрэн арилаагүй явна. Гэхдээ тийм нэг гоё гэгээн мэдрэмж аваад явж байна. Манай ангийнхны Монголдоо ирээд хийсэн анхны том уран бүтээл юм аа.