Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Банзрагч, Г.Тулга, Ц.Цэрэндорж, Д.Батсайхан, Т.Төмөрзориг нарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг энэ оны гуравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Д.Банзрагч, Г.Тулга, Ц.Цэрэндорж, Д.Батсайхан, Т.Төмөрзориг нарыг “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн” гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт 1-1,6 жилийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад ажиллаж хөдөлмөрлөх, зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөрсдийн оршин суугаа дүүргээс өөр газар зорчихыг хориглох буюу “зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулжээ.