Мансууруулах бодистой холбоотой хэрэгт хоёр ч удаа холбогдон, ял шийтгүүлсэн Г.Сарангэрэл, Б.Цэнгүүнбаатар нарын гэм буруутай, эсэхийг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан, З.Болдбаатар, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцээд, тэдний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгалаа. Г.Сарангэрэл 2021 оны гуравдугаар сард олон улсын шуудан илгээмжээр Африкаас илгээсэн их хэмжээний мансууруулах бодисыг хүлээн аваад явж байхдаа Сүхбаатар дүүргийн нутаг, “Блю скай тауэр”-ийн ойролцоо ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынханд баригдан энэ төрлийн хэрэгт гурав дахь удаагаа шалгуулах болсон билээ. Б.Цэнгүүнбаатарын хувьд Африкаас илгээсэн мансууруулах бодисыг нь олон улсын шуудан илгээмжийн газраас Г.Сарангэрэлд авч өгсөн үйлдэлд холбогдоод байсан. Тэдэнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 20.7-2, 20.7-3.3 дахь хэсэгт заасан “зохион байгуулалттай гэмт бүлэг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.