Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Дэлхий нийтээр энэ жил уг өдрийг “Тийм ээ, бид сүрьеэг устгаж чадна” уриан доор нөлөөллийн олон ажил өрнүүлж буй. Эл уриа нь хүн төрөлхтөн 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилгод тусгасны дагуу сүрьеэ өвчнийг устгах зорилтын хүрээнд бэлтгэл ажлуудаа эрчимжүүлэхийг сануулж буй хэрэг аж.
Дэлхийн хэмжээнд өдгөө жил бүр 10-11 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1-2 сая орчим иргэн нас барсаар байгааг “Глобал сан”-гийнхан дурдлаа. Тэгвэл манай улсад жил бүр 3000 гаруй хүн уг өвчинд өртөж байгаагаас 60 хувь нь 15-44 буюу ид хөдөлмөрийн насныхан байна. Өнгөрсөн онд гэхэд сүрьеэгийн 2354 тохиолдол шинээр бүртгэгджээ. Уг өвчний нийт тохиолдлын 60 хувь нь хүн ам шигүү суурьшсан Улаанбаатар хотод оношлогдож буйг ХӨСҮТ-ийнхөн өчигдөр зохион байгуулсан “Тийм ээ, бид сүрьеэг устгаж чадна” арга хэмжээнийхээ үеэр онцолсон юм.
Дээрх тоо баримтууд нь манай улсад сүрьеэгийн тархалт дэлхийн дундаж үзүүлэлтээс 3-4 дахин өндөр байгааг харуулж буй аж. Хэдийгээр тоног төхөөрөмжийн хангамж сайжирсан, эмчилгээний амжилт, чанар 85-90 хувьд хүрсэн ч манайх сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд орсон хэвээр. Энэ нь улс орны нийгэм, эдийн засгийн байдал тогтворгүй, ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн, хүн амын эрүүл, зөв амьдралын дадал, хандлага орхигдсон, сүрьеэгийн талаарх мэдлэг, боловсрол муу, хөрөнгө оруулалт, санхүүжилт нь хангалтгүй зэрэг шалтгаантайг дурдлаа.