Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тэдгээрийн уялдаа холбоо, үр дүнгийн талаар сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичигт тусгасан Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банкны 655 сая ам.долларын багц зээлийн санхүүжилтээс нийслэлийн авто замын сүлжээний хөндлөн чиглэлд “Тусгай замын их багтаамжийн автобус” төслийг (BRT) хэлэлцээд дэмжсэн тул 2023 онд багтаан эхлүүлэх ажлыг зохион байгуулахыг сайд Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт даалгав.
Мөн Улаанбаатар хотын 2040 он хүртэлхерөнхий төлөвлөгөөний төсөлд тусгасан олон тулгуурт нийтийн тээврийг бий болгох ажлын хүрээнд “Сэлбэ сэргэлт” төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжсэн тул үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2023 онд багтаан эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах, суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийн боломжийг судлан, авах арга хэмжээний санал боловсруулж, ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төсөл, арга хэмжээнд энэ жил шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг яаралтай судалж, санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт даалгасан юм.
Бэлтгэсэн: У.Наран