Газар хөдлөлтийг гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах дадлага сургуулилалтыг тавдугаар сарын 24-26-нд улсын хэмжээнд зохион байгуулахаар болсныг ОБЕГ, нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр мэдээллээ. Манай улс, ялангуяа Улаанбаатар хотын нутаг дэвсгэр газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг тул иргэд болзошгүй эрсдэл тохиолдохоос сэргийлэх, улмаар бэлэн байх нь чухал гэдгийг албаныхан онцлов. Тухайлбал, Улаанбаатарт газар хөдөлбөл нийтийн орон сууцын 11, амины орон сууцуудын 33 хувь нь нурах эрсдэлтэй бөгөөд үүний тулмаас 45 000 гаруй хүн амь үрэгдэж болзошгүй нь. Гэхдээ энэ нь 10 жилийн өмнөх эрсдэлийн үнэлгээний дүн бөгөөд нөхцөл байдал одоо илүү хүндэрсэн байж болзошгүй аж. Тиймээс нэн даруй нарийвчилсан судалгаа хийх, үүний хүрээнд газар хөдлөлтийг судлах станцуудын тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэнэ. Харин иргэдийн хувьд газар хөдлөлтийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал учраас дадлага сургуулилалт тогтмол хийх хэрэгтэйгэдгийг ОБЕГ-аас онцоллоо. Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж, хүч нэмэгдсээр буй. Тэгвэл 2020 оноос хойш жил бүр улсын хэмжээнд хэдэн удаа газар хөдөлсөн, үүнээс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 магнитудаас дээш хүчтэй нь хэд бүртгэгдсэнийг графикт үзүүллээ.