Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг өнөөдөр зарлав. Энэ хүрээнд дотоодын тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52 698 иргэн бий гэнэ. Мөн буцалтгүй тусламжид хамрагдсан 154 662, Гадаадын зээл, тэтгэлэг авсан бакалавр 421 суралцагч, магистр докторын 1950 суралцагч байдаг аж. Үүнээс гадна Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдсан 23, Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт хамрагдсан 244 хүүхдийн мэдээллийг БШУЯ-наас ил болголоо.
Гадаадад суралцаж төгссөн оюутнуудыг гурав ангилдаг байна. Үүнд суралцаад, эх орондоо ирж 5 ба түүнээс дээш жил ажиллан зээлээс чөлөөлөгдсөн 921 иргэн, Гэрээний үүргийн хугацаа дуусаагүй буюу одоо ажиллаж байгаа 700 иргэн, Гэрээний үүргээ биелүүлээгүй 230 суралцагч хамаарч байна.
Эдгээр 230 иргэний мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлжээ. Мөн Боловсролын зээлийн сангаас зээл авсан иргэдийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд байршуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлжээ.