Э.Золзаяа Монгол Улсын боловсролын их сургуулийг гүн ухаан-улс төр судлалын багш мэргэжлээр төгссөн. Тэрбээр нийслэлээс орон нутгийг зорьж, ажиллаж, амьдарч буй “илгээлтийн эзэн” юм. Тодруулбал, “Teach for Mongolia” хөтөлбөрт хамрагдан, алслагдсан газруудын сургуульд ажиллахаар болсон 16 багшийн нэг. Дорнод аймгийн Халхгол сумын ерөнхий боловсролын сургуульд багшилж буй түүнтэй хүүхдүүдийн сурах эрмэлзэл, орон нутагт ажиллахын давуу тал, хүндрэл бэрхшээл зэрэг сэдвээр ярилцлаа.
-“Teach for Mongolia” хөтөлбөрт хамрагдах шийдвэрийг яагаад гаргасан бэ. Олон багш орон нутгаас “зугтаж”, нийслэлд ажиллахаар шийддэг шүү дээ.
-Анх 2022 оны гуравдугаар сард уг хөтөлбөрийн талаар нийгмийн сүлжээнээс мэдээлэл авч байлаа. Тэгээд зорилго, үүсгэн байгуулаг чид гээд хөтөлбөртэй холбоотой бүхий л мэдээллийг судлаад, материалаа илгээсэн. Үүнээс хойш хоёр шатанд нь амжилттай оролцож тэнцээд, одоо хөтөлбөртөө хамрагдаж байна. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар нэгдүгээрт хүрээлэл өргөждөг. Учир нь салбар бүрийн манлайлагч, туршлагатай багш нарын сургалтад хамрагдах, тэдэнтэй холбогдож, хамтран ажиллах боломж олгодог. Түүнчлэн энэ жилийн хөтөлбөрийн 16 оролцогч зургаан аймгийн долоон сумд багшилж байна. Ийм олон газарт таньдаг багштай болсноор сургуулиудтай нь ч хамтран ажиллах боломж бүрдсэн гэсэн үг. Цаашлаад хөтөлбөр хэрэгжүүлэгч “Teach for all” байгууллагаар дамжуулан дэлхийн 62 орны багш нартай туршлага солилцон хамтран ажиллах юм. Эхний жилийн хувьд бүх оролцогч дотооддоо хамтран ажиллаж байна. Тухайлбал, бид өөрсдийн ажиллаж буй сургуулиудынхаа хүндрэл бэрхшээлийг хөтөлбөрийн багаараа дамжуулан мэргэжлийн байгууллагуудад шууд хүргэх, саналаа илэрхийлэхэд илүү дөхөм болсон. Хөтөлбөрийн багийнхан “Teach for all” байгууллагатай тогтмол харилцаатай байж туршлага судлан, бидэнд шаардлагатай шинэ мэдээлэл, зөвлөмжийг тогтмол өгдөг. Мөн цаашид гадаадын их, дээд сургуульд суралцах, мэргэжлээ дээшлүүлэх чиглэлээр хөтөлбөрийн багийн менторууд зөвлөгөө өгдөг зэрэг олон давуу тал бий. Дараагийн нэг чухал зүйл бол бид хувийн болон мэргэжлийн ур чадвараа ахиулж байгаадаа талархдаг. Багшийн мэргэжил эзэмшээгүй залуучууд уг хөтөлбөрт хамрагдсанаар МУБИС-д хөрвөх хөтөлбөрт суралцдаг юм. Ингэхдээ цахим болон танхимын хосолсон хэлбэрээр суралцаж, багшийн мэргэжил эзэмшдэг. Жишээ нь, мэдээллийн технологийн инженер мэргэжилтэй бол мэдээлэл зүйн багшаар суралцах, санхүүгийн мэргэжилтэй нь математикийн, социологич нь нийгмийн ухааны багш болох боломжтой.
-2022 оны байдлаар манай улсад 3000 гаруй багш дутагдалтай гэсэн тоон мэдээлэл бий. Ялангуяа орон нутагт багш нэлээд дутагдаж буй байх?
-Энэ бол орон нутгийн хамгийн тулгамдсан асуудал. Хот, хөдөөд нэг багш хэдэн сурагчид хичээл заадаг билээ гээд харахаар орон нутагт олон сурагч сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байна. Сурах эрхээ эдэлж чадахгүйгээс гадна хөгжлөөс хоцорч байгаа. “Teach for Mongolia” хөтөлбөрийн гол зорилго бол алслагдсан бүс нутаг дахь, багш дутагдалтай сургуулиудыг дэмжих юм. Үүнд уг хөтөлбөр хувь нэмрээ оруулж, залуучуудыг боловсролын салбарт мэргэжил, ур чадвараараа хөрөнгө оруулахыг дэмжиж, бас уриалдаг. Залуу багш нарын хувьд бол нийгмийн хангамж, цалин урамшууллаас илүүтэй тэр хүнийг хэрхэн хүлээж авч байна, ажлаа чөлөөтэй хийх боломжоор нь хангах, хувийн орон зайд нь халдахгүй, хөгжих боломж олгох гэх зэргийг л харгалзан үздэг. Орон нутаг гэлтгүй нийслэлд ч багш дутагдсаар байна. Алслагдсан сумын сургуульд бол бүр ч их дутагдалтай. Тухайлбал, одоо манай сургуульд хөгжим, англи, орос хэл, математикийн багш хэрэгцээтэй. Ер нь байдлыг ажиглахад сумын сургуульд багш тогтдоггүй, 1-2 жил болоод л төв газар луу шилждэг. Тухайн сумд төрж өссөн, эсвэл ээж, аав, гэр бүлийнхэн нь амьдардаг бол удаан хугацаагаар ажилладаг.
-Анх очиж ажиллах газраа судалж байв уу?
-Дорнод аймгийн төвийн сургуульд 2019 онд багшаар ажиллаж байхдаа “Teach for Mongolia” хөтөлбөрт материалаа илгээсэн юм. 2021 оны арваннэгдүгээр сард эрүүл мэндийн болон хувийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд эмчилгээ хийлгэж байлаа. Тухайн үед дахиад багшаар ажиллахгүй гэж бодож байв. Улаанбаатар болон аймгийн төвийн, сумын хэд хэдэн сургуулиас багш, сургалтын менежерээр ажиллах санал ирсэн. Мөн Халхгол сумынхан ч надтай холбогдож, нийгэм судлалаар элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүсэлтэй 20 сурагчид мэргэжлийн багш олдохгүй байгаа тул зургадугаар сар хүртэл түр хугацаагаар ажиллах санал тавьсан юм. Сурагчид ирээдүйн мэргэжлээ сонгох гэсэн ч хичээлээ судалж чадахгүй байгааг сонсоод тухайн сумд багшлахаар шийдсэн. Ингээд 2021 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр ажлаа хүлээн авч, хамгийн түрүүнд сурагчдынхаа сурлагын түвшнийг тодорхойлж байв. Хоёрдугаар улирлаас хичээлээ зааж эхэлсэн. Тус хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын зарыг уншаад ер нь л багш дутагдалтай олон газарт хүүхдүүд сурч боловсрох эрхээ бүрэн эдэлж чадахгүй, сурлагаар хоцорч байгааг ойлгосон. Тиймээс би мэргэжилдээ эзэн болж, харин ч бүр алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд хүрч ажиллах ёстой гэж бодсон юм. Тэгээд л хөтөлбөрт хамрагдахаар материалаа илгээсэн дээ. Халхгол сумд өмнө нь ирж байсан ч сургууль болон сумын төвтэй нь сайн танилцаагүй байв. Намайг энд ажиллахад нөлөөлсөн нэг зүйл нь 1970-аад онд манай өвөөгийн ах Өмнөговь аймгаас энэ сумд томилогдон ирсэн нь юм. Өвөө минь ахтайгаа Дорнодод ажиллаж, амьдарсан тухайгаа байнга дурсдаг байлаа. Уг нь хөтөлбөрт хамрагдсанаар өөр сумд томилогдох байсан ч багийнхантайгаа ярилцсаны үндсэн дээр энд ажиллахаар шийдвэрлэсэн. Тэгээд хөтөлбөрийнхөө математик, англи хэлний хоёр залуу багшийг, бас нөхрөө ч дагуулаад хүрээд ирсэн дээ.
-Хөдөөд сурагчдын хичээлийн хоцрогдол хэр байна вэ?
-Цар тахлын үед улс даяар хичээлийн хоцрогдол үүссэн нь албаны судалгаагаар тодорхой болсон. Манай сумын сургуулийн сурагчдын цөөнгүй хувийнх нь аав, ээж малчин, эсвэл хилийн заставт ажилладаг. Тиймээс алслагдсан бүс нутагт интернэт сүлжээгүй, малчны хотонд завгүй амьдрал өрнөдөг жишгээр л олон сурагчид цахим боловсрол хүрээгүй гэж харж байгаа. Үүнээс үүдэж хоёр жил гаруй хичээлээсээ хоцорсон, сургуульд баримтлах дэг, хичээллэх соёлоос хөндийрсөн сурагч олон байлаа. Багш нар дор бүрнээ л хоцрогдлыг арилгаж, хүүхдүүддээ нэг ч гэсэн зүйл ойлгуулах гэж хичээж байна.
-Багш олон мянган хүүхдийн ирээдүйг нь гэрэлтүүлж, мэдлэг, боловсролтой иргэн болгодог. Харин сүүлийн жилүүдэд багш нарыг мэдээллээс хоцрогдсон, хөгждөггүй гэх мэтээр шүүмжлэх нь нэмэгдлээ.
-Хамгийн сэтгэл, зүтгэл шаардсан мэргэжил гэж хэлж болно. Насан туршдаа шавь нараараа, эцэг, эхчүүдээр “Багш аа” гэж дуудуулна. Анхны жилдээ багшилж байхад миний аав, ээж, эмээ, өвөө шиг хүмүүс “Багш аа”, “Та” гэж дуудах нь эвгүй санагддаг байв. Одоо дасчихсан. Анх жаахан охин гээд тоомжиргүй ханддаг хүмүүс ч байлаа. Ажлын минь явцаас намайг олж хараад илүү хүндэлдэг, дэмжиж ажилладаг нь ч байсан. Ер нь багш бүр хүүхдэд нэг ч гэсэн зүйл ухааруулж, ойлгуулах сан гэж хичээдэг. Мөн сурагчдадаа шинэ мэдлэг, мэдээллийг хүргэхийн тулд өөрөө зогсолтгүй суралцагч, цаг ямагт хөгжигч байдаг. Миний хувьд их сургуулиа төгсөөд нэг жил гаруй хугацаанд Улаанбаатар хотод ажиллаж, амьдарсан. Тэр хугацаанд мэргэжлийнхээ дагуу судлаач, парламентын сурвалжлагч хийж байлаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг багшийнхаа удирдлагад судалгаа хийх явцдаа хүмүүстэй харилцахаас эхлээд олон чадварт суралцаж байсан нь, “Үндэсний мэдээ” сонинд Ш.Даваадорж, Д.Заяабат, Б.Цогзаяабаатар гээд сэтгүүл зүйн салбарын шилдгүүдээс зөвлөгөө авч ажилласан минь л өдий зэрэгт хүрэхэд тусалсан даа. Мөн аймгийн төвд хоёр жил гаруйн хугацаанд багшилсан. Өмнө нь бас хотын сургуульд ч дадлагаар багшилж байлаа.
-Орон нутагт ажиллаж буй багш нарын давуу тал юу вэ?
-Цахим харилцаа хөгжсөнөөр хөдөө сумын болон хотын багш гэж ялгахгүйгээр хамтдаа хөгжих боломж бүрдсэн гэж хардаг. Тиймээс хотын түгжрэлд цагаа дэмий өнгөрүүлэхийн оронд хүүхдүүдтэйгээ хамт ангидаа дурсамж бүтээх нь үр дүнтэй санагддаг. Гэхдээ аймгийн төвөөс алслагдсан, авто зам сайнгүйнь хүндрэлтэй. Аймгийн төв, сумын хооронд бараг найман цаг гаруй явдаг. Иймээс аймаг, хотод танхимын сургалт, тэмцээн, уралдаанд оролцоход багш, сурагчдад санхүүгийн болон цаг хугацааны хувьд бэрхшээл тулгардаг. Бас хотод дуртай дэлгүүрээсээ авчихдаг зүйлс энд байхгүй. Гэхдээ энэ нь санхүүгийн хувьд хэмнэлт гэж бид эергээр хардаг. Ер нь хот, аймаг руу явахдаа хэрэгтэй зүйлсээ аль болох нөөцөлж авдаг юм. Бас бараа, бүтээгдэхүүний үнэ энд өндөр. Бусдаар бол түүхэн дурсгалт сумд, мэргэжлийн ажлаа хийгээд, өдөр бүр сурагчидтайгаа хамт суралцаад амьдарч байгаа нь таатай санагддаг шүү.
-Та шавь нартайгаа хамтраад орон нутагтаа сонин эрхлэн гаргаж буй юм билээ. Сумынхан үүнийг хэр сонирхож, хэрхэн хүлээж авсан бэ?
-Би арваннэгдүгээр анги даан ажиллаж байгаа юм. Манай анги нэгдүгээр улиралд нийгэм судлалын сонгон судлах хичээлийн “Хот, хөдөөгийн асуудлууд” нэгж сэдвийн хүрээнд хот болон орон нутагт амьдрахын давуу, сул талын талаар ярилцсан. Тухайн үед сум орон нутаг, сургуулийнхаа тухай олон нийтэд түгээе, өөрсдөдөө дурсамж үлдээе гэсэн зорилгоор “Соёлз” нэртэй сониныг сар тутам гаргахаар болсон. Сурагчид минь анх удаа л ийм зүйл хийж байгаа учраас санаагаа гаргаж, анхны дугаараа өрөөд, хоёр сар гаруй хугацаанд бэлтгэж байж өнгөрөгч сард хэвлэлээ. Одоо хүүхдүүд минь гуравдугаар сарын дугаараа бэлтгэж байна. Энэ бол албан ёсны хэвлэл гэхээс илүү сурагчдын төсөлт ажил гэж ойлгож болно. Бид анхны дугаараа орон нутгийн байгууллагын удирдлагууддаа тараахад маш сайхан хүлээж авч, дараагийн дугааруудыг худалдан авч, дэмжихээ илэрхийллээ. Мөн сонинтойгоо хамт цахим контент хийж эхэлж байгаа. Сонины хоёрдугаар сарын дугаарыг цахимаар унших боломжтой.
-Та багшлахдаа ямар арга барил ашигладаг вэ. Туршлагаасаа хуваалцаж болох уу?
-Би иргэний ёс зүйн боловсрол, нийгэм судлалын заавал болон сонгон судлах хичээл заадаг. Миний хувьд хосолсон сургалтын арга зүй буюу цахим платформ ашиглахыг зорьдог. Энэ нь сурагчдад сонирхолтой, бас багшийн ажлыг хөнгөвчлөх зэрэг олон давуу талтай. Мөн иргэний ёс зүйн боловсролын хичээлээр ихэвчлэн эргэцүүлэл бичих арга зүйг хэрэгжүүлдэг. Тухайн хичээлийг уншаад, дасгал ажиллаад өнгөрөх биш, өдөр тутмын үйлдэлдээ хэвшүүлж, өөрийнхөө талаар эргэцүүлэх дадлага хийлгэдэг юм. Ер нь чөлөөтэй, сурагчдад сэтгэл ханамжтай хичээл заахын төлөө өөрийгөө хөгжүүлж, судалгаа хийж байна. Алдаа, оноотой зүйл их бий ч хамгийн гол нь хичээлдээ хүүхэд бүрийг идэвхтэй хамруулж, хариуцлагатай, ахицтай байлгах гэж хичээдэг. Багш байх нь өдөр бүрээсээ суралцаж, өөрийгөө хөгжүүлэх ажил л даа. Хүүхдүүдтэйгээ хамт суралцдаг гэсэн үг. Үүнд их сургуульд мэргэжлийн багш нараараа заалгасан зүйлсээс гадна хувь хүний ур чадвар, ерөнхий боловсролын сургуульд сурсан зүйлс ч хэрэг болдог шүү. Хүнд эрдэм, ур чадвар, арга барил багадахгүй гэж боддог. Сумд ирээд шинэ зүйл ч их сурлаа.
-Орон нутагт багшлахад цалингийн нэмэгдэл, урамшуулал бий юү. Анх очсон хүнд байр сууцаас авхуулаад олон зүйл хэрэг болох нь ойлгомжтой. Эдгээр асуудлаа хэрхэн зохицуулсан бэ?
-Бид төсвөөс өгдөг үндсэн цалингаа аваад л ажилладаг. Өөр аймаг, хотоос ирсэн багш нар сурагчдын дотуур байрны тусгаарласан хэсэгт тодорхой хэмжээний түрээс төлж амьдардаг. Миний хувьд энд гэр бүлээрээ ирсэн. Гэр бүлийн хүн минь багш учраас манай сургуульд мөн мэргэжлээрээ ажилладаг. Халхголд “Шинэ сум” төсөл хэрэгжүүлсэн. Тиймээс сургууль болон дотуур байр нь төвлөрсөн халаалтад холбогдсоноороо давуу талтай. Сайнтай, муутай олон хүний дундаас дэмждэг, итгэл өгдөг хүмүүсийн урмаар л сумд ажиллах боломжтой гэж харж байна. Сурагчидтайгаа хамтарч ажиллахаас гадна эцэг, эхчүүдийн хандлага, дэмжлэг, хамт олны уур амьсгал их чухал санагдсан. Миний хувьд бага насны хүүхэдтэй учраас амьдрах байрны асуудлыг л нэгдүгээрт тавьсан юм. Харин урамшуулал, бусад төрлийн хангамж зэрэг нь чухал санагдаагүй.
Бэлтгэсэн: Ж.Бурмаа