Монгол орны нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн тоо, давтамж огцом нэмэгдэж буй өнөө үед барилгын чанар, аюулгүй байдал чухал асуудлын нэг болсон. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд тулгамдсан асуудлыг хэлэлцэхээр “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг өчигдөр нийслэлийн ЗДТГ, БХБЯ бусад ТББ хамтран зохион байгууллаа. Энэ зөвлөгөөн нэлээд өргөн хүрээг хамарч, холбогдох олон байгууллагын мэргэжилтнүүд оролцсоноороо онцлог байв.
Улаанбаатар хотод өдгөө нийт 335 105 барилга байгууламж бий аж. Барилга ашиглалтад оруулахад түгээмэл гардаг зөрчил нь батлагдсан зураг төслийнхөө хүрээнд гүйцэтгэлээ хийдэггүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг мөрддөггүй, Улсын комисст хүлээн авах хүртэлх бүх үе шатанд зөрчил гарч байгааг зөвлөгөөний үеэр хөндөв. Барилга барих бүх л шатанд оролцогч талуудын хариуцлага хамгийн чухал болохыг мэргэжилтнүүдонцолсон. Тодруулбал, улсын хэмжээнд барилга барьж эхлэхээс ашиглалтад өгөх хүртэлх хугацаанд нийт 33 хууль, 26 дүрэм, 86 стандарт мөрддөг байна. БХБЯ-наас барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, чанарын тал дээр олон төрлийн судалгаа хийснээ танилцуулсан. Мөн цаашид барилгын материалын чанарын хяналтыг сайжруулах, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Бэлтгэсэн: Ж.Бурмаа