Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаагаад удаагүй, “Улаанбаатар театр”-ын уран сайхны удирдаач Р.Мөнхсайхантай ярилцлаа. Телевизийн 30 гаруй төсөл, рок попын уран бүтээлчдийн 200 гаруй клип, 100 орчим тоглолтын санаачлагч түүний eртөнцөөр “аяллаа”.
-“Жүжигчин, дуучин, хөгжимчин, яруу найрагч, хөтлөгч, найруулагч гээд урлагийн олон мэргэжилтэй. Цирк, бүжиг хоёроос бусдыг хийнэ шүү” гэж ая зохиогч, гитарчин Өөжгий таны тухай бичсэн байсан. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Тайз, дэлгэцийн ард ажиллахад юу эсийг хийх билээ. Цирк, бүжигтэй ч холбогдоод амжсан. Гиннесийн номд бүртгүүлэхээр 3000 уран нугараачтай “Уул усны домог” нэртэй шоу төв талбайд зохион байгуулж байв. Бүжгийн хувьд “Fashion” шоу, “Хөхөө намжил” балетыг дурдаж болно.
-Та театр, телевиз, чуулга, рок поп гээд маш олон салбарт ажилласан. Зөвхөн нэг л төрлөөр нь дагнадаг байж гэж бодсон удаа бий юү?
-Тийм бодол төрж байсангүй. Урлаг их сайхан, гэгээлэг ертөнц. Хэзээ ч ядарч шантрамгүй, ажиллах тусам шунан дурлаж, сэтгэл сэргэдэг. Би Драмын театрт ажиллаж байхдаа “Гурвалжин” нэртэй нэвтрүүлэг хэсэг нөхдийн хамт санаачлан, рок хөгжмийн булан хөтөлдөг байсан юм. Тэр үед “Зүрх муутай хүмүүс телевизийн дэлгэцээс түр холдож байгаарай. Одоо хүнд рок явна” хэмээснээс болж үзэгчдийг өвчин, нас хүйсээр нь ялгаварлалаа гэсэн шүүмжлэлд өртсөн. “Сайн байцгаана уу, эрхэм үзэгчид ээ” хэмээдэг байсан үед би “Сайн байцгаана уу, залуучууд аа” гэж хэлснээс болсон хэрэг л дээ.
-Таныг Равдангийн гэхээсээ рок Мөнхсайхан гэдгээр нь андахгүй. Рок нэрийг анх хэн өгсөн бэ?
-Бүр багын хоч л доо. Дөрөвдүгээр ангид байхдаа рок сонирхдог хоёр найзтайгаа нийлж хамтлаг байгуулаад Пионерын ордонд, сургууль дээрээ тоглодог болсон юм. “Хорвоо ертөнцийн өнгө тодрох гайхамшиг, хотлыг гийгүүлсэн нарны ач аа хө” гэж эхэлдэг “Ленин багш” дууг рок болгож дуулдаг байв. Тэр үеийн хөгжмийн “аваргууд” биднийг“Энэ гурван бацаан их хөөрхөн” гэж үнэлээд л. ЗХУ-ын Театр урлагийн их сургуульд жүжигчин найруулагчийн мэргэжлээр суралцахдаа ч рок хөгжмөө орхиогүй. Монголдоо ирээд рок хамтлаг байгуулахаар хөөцөлдөж, баахан Мөөгий нараас ялгарах гэж “рок”-оор овоглосоор өдий хүрлээ. Нийтээрээ драпан пальто, тарваган малгайтай байсан үед тоногтой савхи, хохимой толгойтой панда зүүсэн нөхөр рок ярихаар хүмүүс их сонирхож, бас жаахан “юмтай” гэж боддог байсан юм билээ. Рок гэдэг үг хөрөнгөтний суртал ухуулга шиг их эвгүй сонсогддог байсан үе л дээ. Хохимой толгойтой алчуур зүүгээд явахаар настай хүмүүс “Яасан муухай юм” гээд л цохино. Тэгэхээр нь хохимой толгой муу бүхнээс сэргийлдэг гээд л тайлбарлана. Ялангуяа мотоциклчид гэнэтийн ослоос сэргийлж хохимой толгойтой эд зүйлс их хэрэглэдэг.
-Дулаарахаар мотоциклоо унахаар тэсэн ядан хүлээж байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг чинь миний хувьд мотоцикл шүү дээ. Битүү маск зүүгээд давхина, зарим жолооч цонхоо онгойлгоод “Миний дүү наадах чинь хэд идэх вэ” гэхээр нь хоолойгоо нарийхан болгоод “Бараг 20 иднэ шүү, ах аа” гэдэг юм. Аргагүй залуу насанд минь хүргэдэг эд. Энэ сарын 31-нд “Ямаха” брэнд үүсэж хөгжсөний 110 жилийн ойд зориулсан гитар, мотоциклийн томоохон үзэсгэлэн, шоу болно. Миний сонирхдог зүйлс нэг дор цуглах юм. Мото цикл, гитаргүйгээр намайг төсөөлөх аргагүй.
-Залуу байхад ээж, аав тань рок хөгжим сонирхоход хориглоогүй юу?
-Би хоёр ах, хоёр дүүтэй, айлын дундах. Миний аав Равдан сэтгүүлч “Үнэн” сонин, сүүлд “Соёл” сэтгүүлийг эрхлэн гаргаж байлаа. Ээж минь эмч. Тэд минь намайг ямар их хайрлаж, ойлгож, дэмжиж байсныг бурхан зүг одсоных нь дараа илүү мэдрэх юм. Бүгд л өнгөрсөн хойно нь ухаарч, харамсдаг байх. Ажил дээр нь металл хувцастай очиход ээж “Манай энэ ийм хачин хувцас өмсөөд л, дуулаад явах юм. Мэдэхгүй ээ, мэдэхгүй, ойлгохгүй юм” гэж хэлэхдээ надаар бахархаж байгааг нь олж харж байлаа. Орос, Чех, Польшид суралцдаг оюутнууд вьетнамчууд шиг энгийн байж чаддаггүй, тухайн улсынхаа соёлд шууд уусдаг. Манай зуслан дээр Чехээс ирсэн оюутнууд панк болчихсон явж байхыг дүү нар хараад “Ямар тэнэг юм бэ” гэтэл ээж “Юу яриад байгаа юм, ийм гоё хийморьтой залуус явж байхад” гэж байлаа. Ээж минь тийм л мэдрэмжтэй хүн байж. Миний ээж, эмээ бас их гоё дуулна. Нутаг усандаа алдартай дуучин хүмүүс байсан. Айлын дундах хүүхэд хариуцлага өндөртэй. Ах нар ахархаад, дүү нар эрхлээд. Би гэрийнхээ хамаг ажлыг хийдэг байв. Гэртээ аавтайгаа их чалчина, ээждээ тусална. “Энэ нэг юм зурагт үзсээр байгаад бүр тэнэг боллоо” гэдэг байв. Тэгсэн саяхан найз минь хүүхдээ зурагт үзэхгүй байсаар тэнэг боллоо гэсэн. Нийгэм ингэж л хувьсан өөрчлөгддөг байх нь.
-Хүүхдийн нэрүүд ч бас нэлээд өөрчлөгдсөн. Танай гэр бүлийнхний нэрэнд бүгдэд нь сайхан гэдэг үг орсон байх даа. Тэр үеийн хүмүүсийн бас нэг ижил төстэй тал нь энэ байх?
-Нээрэн тийм байх шүү. Миний том ах Оргилсайхан ТЕГ-т олон жил ажилласан. Удаах ах Энхсайхан эмч. Мэндсайхан, Амарсайхан гээд хоёр дүүтэй.
-Сонсоод л энэ рок Мөнхсайханых гэх дуу байдаг уу?
-“Алив бос”. Бас “Хар дарсан зүүд” металл дуу. “Хүүрийн газар очсон чинь хүүхэн чи амилсан байна, хамар амнаас чинь цус садраад хачин аймар харагдаж байна” гээд 1980-аад онд дуулахад хүмүүс ойлгоогүй. Уг нь бурхандаа залбирахгүй бол чөтгөр чамайг авна гэсэн утгатай л даа. Ийм дуу дуулаад, рок яриад явахаар намайг жаахан ч биш, бүр нэлээд “галзуу” нөхөр гэдэг байлаа.
-Рок дуугаар бужигнуулж явсан үеийн тань бичлэг бий юү?
-“Соёл Эрдэнэ” хамтлагийн 25 жилийн ойгоор би тайзан дээр металл хөгжим тоглосон юм. “Газар хэвтээд гитар тоглож байгаа бичлэг чинь надад бий шүү, аваарай” гэж Д.Ухнаа гуай хэлж байсан. Даанч авч амжсангүй. Одоо рок хөгжмийг хүмүүс энгийнээр ойлгодог болсон. Тэр үед савхин хувцас нь тоногтой бол аймшгийн харагдана. Би НАХЯ-нд дуудагдаад, хөрөнгөтний үзэл суртал дэлгэрүүлсэн хэмээн сануулга авч билээ. Гэтэл одоо хүүхнүүдийн хувцас, цүнхний тоног энгийн зүйл болж.
-Таны үеийнхэн үргэлж “Бидний үед их гоё байсан” гэж ярьдаг. Энэ цаг үетэй харьцуулахад үнэхээр тийм сайхан байсан уу?
-Хүн бүхний хүүхэд, залуу нас гоё. Түүнээс биш бидний үед ч нийгэм хэцүү л байлаа. Хэцүү ч гэсэн залуу насны минь дурсамж болохоор гоё санагддаг. Би 33 дугаар сургуулийг төгсөхөд манай ангид ажилчны нэг, бусад нь сэхээтний хүүхдүүд байв. Ангийнхаа гайгүй гэсэн айлд очиход сүүтэй цай, масло талхтай, бүгд жигд амьдралтай байсан. 1990-ээд оны ганзагын наймааны эхэн үед бүр ч хэцүү байлаа. “Кока кола” анх ууж үзээд, лаазыг нь хадгалаад элсэн чихэр хийсэн, тамхины хайрцаг цуглуулаад ханандаа наасан зэргээ зарим хүн дурсах дургүй юм билээ. Анх төрөхдөө л баян тансаг айлын хүүхэд байсан гэх гээд. Угтаа тийм нийгэм байгаагүй л дээ. Ууж үзсэн нь “Чёрный” гэдэг нэртэй, лаазтай орос кофе. Гэтэл багаасаа кофе ууж өссөн, кофены түүх, соёлыг маш сайн мэднэ, манай өвөө ноён хүн байсан болохоор гэх мэт яриа гарах л юм. Одоо мэдээллийн суваг өргөжиж, хөдөө гадаа аялахад долоо хоногийн цаг агаараа мэдээд, гар утсанд амьдрал багтаж байна шүү дээ. Гар утсаа гээчихвэл амьдралын нэг чухал зүйл алга болчихсон мэт болно. Гэтэл 1980-аад онд сурч байхдаа очиж үзсэн Оросын зарим жижиг хот одоо ч бахь байдгаараа, огт хөгжөөгүй, хувцас, яриа нь яг хэвээрээ. Манайх харьцангуй цөөхөн хүн амтай, мэдээлэл нь өргөн, бүх аймаг, сум нь интернэттэй гээд соёл хурдан түгэн дэлгэрч байна. Бид өөрсдөө ч соёлтой байх дуртай болж. Гудамжинд хог хаяхаасаа санаа нь зовж, бие биедээ шаардлага тавьж чаддаг болсон шүү дээ.
-Та тэр үед ганзагын наймаа сонирхож байв уу?
-Би урлагтаа л зүтгэж байлаа. “MS rock” клуб байгуулагдаад, хөгжим борлуулж эхэлсэн үед Улаанбаатар хотын хүн ам 420 000 гаруй байлаа. Хөдөөнөөс сурахаар ирсэн, 18-26 настай залуус хотжих үедээ рок хөгжим их сонирхоод, тэр чигээрээ хотыг “эзлэх” байх гэтэл бодсоноор болоогүй. Хотжоод ирэхээр гэр орноо санаад нийтийн дуу сонирхдог юм билээ.
-Залуусын сонирхол байнга л хувьсан өөрчлөгддөг байх?
-Би “Боролдой” студи, “Жи энтертайнмент”-д арваад жил ажиллахдаа Монголын рок поп оддын олон клип хийсэн. Тэр үед кино зохиол шиг клип хийж, үзэгчид тэр хэрээр сонирхож байлаа. Харин одоо тийм клип үзэхээ больсон. Шинэ үеийнхэн үйл явдал орсон клип сонирхдоггүй гэнэ.
-Рок сонирхогчдын сэтгэлгээний онцлогийг та хэрхэн тодорхойлох вэ?
-Рок хөгжим сонсох их хэцүү, амархан ойлгох зүйл биш. Рок сонсдог хүүхдүүд өвөрмөц сэтгэлгээтэй, амьдралын эрч хүчтэй, оюунлаг байдаг. Тэд хөнгөн биш, хүмүүжил сайтай. Гадаадад ч мөн адил. Христийн шашинтай хүмүүс рок их дуулдаг. Чөтгөр шулам дуулах нь шашныхаа эсрэг юм шиг ойлгогдохоор. Гэсэн ч чөтгөрийг дуулахад “Бурхан минь” гэж залбирдаг арга, бэлгэ байдаг юм.
-Та л анх улс төр, урлаг, спортынхонд хормогч зүүлгээд, амттай хоол хийлгэж эхэлсэн дээ. Өөрөө хэр сайн тогооч билээ?
-“Mass cook show” нэвтрүүлэг тухайн үед уламжлалт гал тогоо, энгийн хоолны нэвтрүүлгийн загвар, өнгө төрхийг эвдсэн. Туркийн гал тогооны “Дюна” брэнд манай нэвтрүүлгээс болж захиалгаа дийлэхээ больж байлаа. Олны танил эрхмүүд гоё гал тогоонд, гоё хоол хийхээр үзэгчид их сонирхдог байсан шүү дээ. Тэднээс амтгүй хоол хийдэг хүн ховор. Ер нь амжилтад хүрсэн хүмүүс өндөр мэдрэмжтэй байдаг. Тэр нь хийсэн хоолноос нь хүртэл амтагддаг. Намайг хоол хийхээр хүмүүс магтдаг юм. Би тэр магтаалыг жаахан сэжиглээд байгаа. Оюутан байхдаа бас их хоол хийдэг байлаа. Саяхан найзууд “Бид Мөөгийг магтаад л хоолоо хийлгэдэг байсан” гэж ярьсан. Өөрсдөө залхуурахдаа гоё хоол хийдэг гэж хөөргөж зальддаг байж. Гэхдээ эрэгтэй хүний амтлах чадвар өндөр. Сайн тогоочид дандаа эрчүүд байдаг. Эр хүний мэдрэх чадвар нь хурц өнцөгтэй, эмэгтэй хүнийх зугуухан.
-Хүн дурсамжаар хөглөгдөж амьдардаг. Яг таны хүслээр бүтсэн, бодох төдийд сэтгэл сэргэхээр гоё мэдрэмж өгсөн бүтээл юу вэ?
-Уран бүтээлчид бүх л бүтээлдээ хайртай, өөрийнх нь нэг хэсэг учраас голж шилэхгүй л дээ. Хүн төрөлхтөн гоо сайхныг залуухан, хагас нүцгэн бүсгүй хүнээр төсөөлдөг. Тиймээс урлаг өхөөрдөлт, сонирхол, хүндлэл гэсэн богинохон хугацаанд хэмжигддэг. Та хэдхэн зураас зурчихаад яасан их мөнгө авдаг юм бэ гэхэд Пикассо “Би 40 жил зурж байж чамайг сая зурлаа” гэсэн байдаг. Тэгэхээр урлаг үнэхээр хатуу байгаа биз.
-Энэ хатуу ертөнцөд таны үеийнхэн бор дарсанд нэлээн шунасан. Харин та яасан бол?
-Шунахаар барах уу даа. 1990-ээд оноос нийгмийн солигдмол үед хүмүүс яах учраа олохгүй самгардаж, уугаагүй хүн ховор доо. Оросуудын нөлөө ч их байсан биз. Одоо харин эсрэгээрээ залуус хатуу идээнээс татгалздаг болж. Ганц, хоёр хундаганы араас ажил төрлөө бүтээж ирсэн үе ард хоцорч байна. Сүйхээтэй залуусын үе дуусаж байна гэсэн үг.
-Та “Цаг хугацаа намайг элээж, би ч бас цаг хугацаатай уралдаж явна” гэж ярьсан удаатай. Дуртай цаг үедээ оч гэвэл хэдэн насандаа очихыг хүсэж байна вэ?
-Мэдээж хүүхэд нас. Ямар ч хариуцлага хүлээхгүй, гэнэн томоогүй, үнэхээр гоё үе. Амьдралыг таних л чухал болохоос биш, цаг хугацааны хэмжүүргүй нь сайхан. Нас яваад ирэхээр хариуцлага өндөрсөж, цаг хугацаа асар хурдан өнгөрч байна. Гэхдээ дэлхийн “гүйдэг” хотуудыг бодвол бас гайгүй ээ. Тэд гүйсээр нэг газарт очоод л өдөр дуусна. Бид бас ч гэж хоёр газраар орчихож байна аа.
-Ярилцах тусам та их аядуу зөөлөн юм. “Рок мангас” гэж нэрлэдгийг хэлэх үү, бас найруулагч нарыг ууртай, ааштай гэлцдэг учраас тиймэрхүү байдлаар л төсөөлсөн шүү.
-Би машин, мотоцикл, рок хөгжим гээд олон нэвтрүүлэг хөтөлдөг байхад миний дэлгэцийн имиж харгис хатуу харагддаг байсан бололтой. Уулзсан хүмүүс зурагтаар гардгаас тэс өөр, зөөлөн хүн байна гэдэг. Тайзны ард ч гэсэн хүмүүстэй хүндлэлтэй харилцаж, гоё бүтээл хийхийг хүсдэг. Дэлхийн олон оронд очиход бие биедээ хүндлэлтэй, үргэлж тэврэлдээд, гоё үг хэлээд, магтаад л, тэр хэрээр гоё бүтээл хийдэг. Манайд эсрэгээрээ, ширээ нүдээд, орилж чарлаад, бухимдаад, бие биедээ стресс нэмэхээс хэтэрдэггүй. Бие биедээ хүндлэлтэй байх тусам гоё уран бүтээл төрнө гэж боддог. Мэдээж зөрчилдөх зүйл гарна. Тэр бол ажлын үйл явц. Түүнээс биш хэн нэгнийг доромжлох шалтгаан болохгүй.
-Таны охин Сонор нэг хэсэг рок попд зүтгэж байлаа. Одоо дуулж байгаа юу?
-Сонор одоо дуулахгүй байгаа, ээж болсон. Би зээтэй болоод бөөн аз жаргал байна. Өвөө, эмээ нар ач, зээдээ амиа тавьдаг гэж үнэн юм. Би ч хайлж урсаж байна. Ярих төдийд нүдэнд харагдаад, эгдүү хүргэдэг амин эрдэнэ минь.
Бэлтгэсэн: Ю.Төгсжаргал