Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой тохиож байна. Тодруулбал, 1981 оны гуравдугаар сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт долоо хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм.
Жүгдэрдэмидийн Гүррагчаа 1947 оны 12 сарын 5-нд Булган аймгийн , Гурванбулаг сумд төржээ. Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал хүн юм. Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд Жүгдэрдэмидийн том хүү болон төржээ. Тэрбээр 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд Зөвлөлт Холбоот Улсын Фрунзе хотын нисэхийн дамжаанд нисэх онгоцны радиоэлектрон төхөөрөмжийн 8796 механикч мэргэжилтэй болж, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсжээ. 1978 оноос тэбрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх Сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед тэр ардын армийн ахмад цолтой байв.
Ташрамд дурдахад, 2021 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины зарилгаар сансарын нисгэгч Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд шагнал "Александр Невскийн" одонгоор шагнажээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигт "ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг "Александр Невскийн" одонгоор шагнасугай" гэжээ. Сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь ОХУ-ын төрийн дээд шагнал "Александр Невскийн" одонгоор шагнагдсан анхны монгол иргэн болжээ.