Зуны цагийн хуваарьт шилжих Засгийн газрын тогтоолын төсөлд яамдаас санал авч эхэлсэн. Тогтоолын төслийг дэмжин баталбал энэ сарын 25-ны 02.00 цагаас эхлэн орон даяар зуны цагийн хуваарьт шилжих нь. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн мэдээлснээр бол урт өвлийн улиралтай улсад нар мандах, шингэх үеийг харгалзан цагаа “хөдөлгөх” нь хөдөлмөрийн бүтээж, эрчим хүчний хэмнэлт, эдийн засгийн ач холбогдолтой гэнэ. Тиймээс сурагчдын амралт эхлэх үеэр зуны цагийн хуваарьт шилжихээр санал авч байгааг дурджээ. Түүнчлэн цагийн өөрчлөлт нь өндөр ач холбогдолтойг эрдэмтэд судалгааны үндсэн дээр тогтоосныг онцолсон байна. Харин эрдэмтэд үүнээс өөрийг хэлэв. Тухайлбал, Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Бямбажаргал “Эрдэмтэд ингэж үздэг гэж нэр барихаа болих хэрэгтэй. Байгалийн ухааны хүмүүс үүнийг нэг их ач холбогдолтой гэж үздэггүй. Харин эрүүл мэндийн чиглэлийнхэн эсрэг байр суурьтай байдаг. Европ, Америкт бараг уламжлал болчихсон болохоор татгалздаггүй. Дэлхий даяар цахимжсан үед хэдэн яамнаас санал авсан болоод цаг “хөдөлгөх” нь хүндрэлтэй. Олон улсын нислэгийн хуваарь, ажил хэргийн харилцаа, ухаалаг цагны тохиргоо зэргийг үүнд дурдаж болно” гэв.
Манай улс үүнээс өмнө 1985-1999, 2001-2006, 2015-2017 онд жил бүр зуны цагийн хуваарьт шилжиж байжээ. Хамгийн сүүлд 2015 оны гуравдугаар сарын 9-нд Засгийн газраас 82 дугаар тогтоол гарган, зуны цагийн хуваарьт шилжүүлсэн байна. Харин уг зохицуулалт нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын хэвмаягт сөрөг нөлөөтэйгөөс гадна олон улсын нислэгийн болон төмөр замын хуваарьт өөрчлөлт оруулдаг гэсэн үндэслэлээр 2017 оны хоёрдугаар сарын 8-ны Засгийн газрын хуралдаанаар дээрх тогтоолыг хүчингүй болгосон аж. Тэгвэл энэ удаад зуны цагийн хуваарьт шилжих, эсэхийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эцэслэн шийдэх гэнэ.