Иргэн А, Б нар нь хөршүүд бөгөөд Б-гийн гэрээс ус алдсанаас А-гийн орон сууцанд хохирол учирчээ. А нь шүүхэд хандаж, өөрийн өмчлөлийн орон сууцанд учирсан хохирлыг мэргэжлийн үнэлгээний байгууллагын тогтоосон үнэлгээний дагуу 1 029 939 төгрөгийг Б-гээс гаргуулахаар шаардсан.
Б нь “...бид өөрсдийн хариуцлагагүй, үүргээ биелүүлээгүйгээс энэ асуудал гаргаагүй. Байрны шугам, сан нь муудсан, зэвтэй ус байнга гардаг. Энэ асуудал нь Нийтийн аж ахуй, аймаг, орон нутгийн хариуцлагагүй байдлаас шалтгаалсан. Буруугүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлан 1 029 939 төгрөгийг төлөхгүй гэж маргасан.
Гэвч ус алдах болсон шалтгаан нь Б-гийн орон сууцны ариун цэврийн өрөөний суултуурын почкины хөвүүр гацсанаас болсон нь баримтаар тогтоогдсон байна.
Орон сууцны доторх шугам сүлжээ, тоног төхөөрөмж зэрэг нь тухайн сууц өмчлөгчийн өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах тул Б нь өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмж, тодруулж хэлбэл суултуурын почкины хөвүүрийг гацахгүй байх, бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс ус алдаж, улмаар бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан тул А-гийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүргийг хүлээнэ.
Иймд шүүх А-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.