УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд тус намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үүрэг, чиглэл өгчээ. “Шүгэл” ажиллагааны хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, “Шүүр” ажиллагааны хүрээнд УИХ, Засгийн газрын гишүүд болон улс төрд нөлөө бүхий этгээдүүд, тэдний гэр бүлийн гишүүдийг төрийн удирдах албан тушаалд томилох, төрөөс санхүүжих тендер, зээл, тэтгэлэгт хамрагдахыг хориглосон хуулийн төслийг энэ чуулганаар өргөн барьж, хэлэлцүүлэх гэж буй бөгөөд эдгээрийг дэмжиж ажиллахыг уриалсан байна. Бүлгийн гишүүд ч дэмжихээ илэрхийлжээ. Мөн Аялал жуулчлалын, Үндэсний баялгийн сангийн, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хаврын чуулганд өргөн барихаа хэлсэн байна.
Дээрх төслүүдийг дэмжиж, ирэх зургадугаар сараас өмнө хэлэлцэн батлахаа эрх баригч намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийхдээ онцлов. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийг гишүүн Н.Энхболд ахалж буй аж. Ажлын хэсэгт парламентад суудалтай гурван нам буюу МАН, АН, ХҮН намын төлөөлөл багтжээ. Төслийг нь үндсэндээ бэлэн болгосон бөгөөд Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн гэнэ. Энэ өдөр АН-ын бүлгийнхэн хуралдсан ч мэдээлэл хийсэнгүй.