Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийнхан Гүржийн тамирчидтай Батуми хотод энэ сарын 25-нд нөхөрсөг тоглолт хийх нь. Тэмцээнд оролцох 23 тамирчныг зарласнаар тэд ахлах дасгалжуулагч Ичиро Оцүкагийн удирдлагад бэлтгэлдээ гарсан байна. Үндэсний шигшээ багт энэ удаа Словак улсын лигийн “Комарно” клубт тоглож буй Г.Ганбаяр болон 20 хүртэлх насныхны шигшээгээс залуу тоглогчдыг дууджээ. Манай тамирчид Гүржийг зорихоосоо өмнө “Моби дээд лиг”-ийн клубүүдтэй нөхөрсөг тоглолт өрнүүлэх юм. Хөлбөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Ерөнхийлөгчийн ивээл доор, “Нийтийн хөлбөмбөг” төслийн хүрээнд зохион байгуулдаг, 21 аймгийн футзалын АШТ Дорноговь аймгийн Сайншанд сумд ирэх амралтын өдөр эхэлнэ. Түрүүлсэн багийнхан “UB cup” тэмцээний аварга Улаанбаатар хотын багийнхантай “Үндэсний цом”-ын төлөөх нэмэлт тоглолтод оролцох юм.