Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг, “Сторм” клубийн довтлогч Н.Намуунаа уламжлал болон зохион байгуулагддаг “Алтан бөмбөг 2022” ёслолын үйл ажиллагааны “Оны шилдэг эмэгтэй тоглогч” номинацид нэр дэвшиж, уг шагналыг хүртсэнюм. Түүний спорттой нөхөрлөсөн түүхтун сонирхолтой. Хүсэл, мөрөөдөлдөө хөтлөгдсөн шавилхан охины хөлбөмбөгт хөл тавьсан зам тийм ч дардан байгаагүй. Эрчүүдийн сонирхдог спортоор хичээллэлээ гэж гэр бүлийнхнийхээ эсэргүүцэлтэй тулгарч, нууцаар бэлтгэл хийхболсон түүнийг амжилт гаргана гэж тэр үед хэн ч төсөөлөөгүй гэдэг. Хичээл зүтгэлээрээ саад бэрхшээл бүхнийг даван туулж, ард нь гарсан тэрбээр өдгөө шилдэг довтлогч болжээ. Өнгөрсөн жил болсон эмэгтэйчүүдийн лигийн АШТ-д тэрбээр багийнхнаасаа хамгийн олон гоол оруулсан. Мөн футзалын лигт клубийнхэнтэйгээ түрүүлж, аваргын цом өргөсөн юм.
-“Сторм” клубийг анх байгуулахад баг тус бүрээс шилдгүүд нэгдэж, эмэгтэйчүүдийн болон футзалын лигийн АШТ-д оролцон, аварга болсон. Та оны шилдгүүдийг шалгаруулахад энэ удаа багаасаа хоёр хүчтэй тоглогчтой өрсөлдөж, “Алтан бөмбөг” гардлаа.
-“Алтан бөмбөг 2022” ёслолын үйл ажиллагааны “Шилдэг эмэгтэй тамирчин” төрөлд багаасаа нэр дэвшсэн гурван тоглогчийн нэг нь би байлаа. Тэр үед итгэлтэй байгаагүй. Клубийнхээ хаалгач Б.Мөнхзулыг шагнал гардах болов уу гэж бодож суусан. Бидний зураг дэлгэц дээр гарахад түүнд баяр хүргэхээр алга таштал “Намуунаа” гээд нэрийг минь дуудлаа. Өөртөө ч итгэж чадахгүй догдолж зогсоход багийнхан баяр хүргээд “Нэрийг тань дуудаад байна, шагналаа очиж аваач” гэсэн. Би таван жил дараалж нэр дэвшсэн ч анх удаа “Алтан бөмбөг” гардсан. Маргааш нь аав холбогдож баяр хүргэхдээ “Охиноороо маш их бахархаж байна” гээд уйлж билээ.
-Тамирчид бэрхшээл багагүй туулж, спортын зам сонгодог. Та ч гэсэн гэр бүлийнхнийхээ эсэргүүцэлтэй тулгарч, хөлбөмбөгт хөл тавьсан юм билээ.
-Би Дархан-Уул аймгийнх. Намайг хөлбөмбөг сонирхоход манайхан эхэндээ таатай хүлээж аваагүй. Гэрийнхэн их дургүйцдэг байсан тул бэлтгэл нууцаар хийнэ. Өглөө хичээлдээ явлаа гэж гараад хөлбөмбөгийн талбайд ирдэг байлаа. Улаанбаатарт 2015 онд өсвөр үеийнхний УАШТ болох үеэр манайхан мэдчихээд “Чи хичээлдээ анхаарах ёстой. Спортын төрөл олон байхад хөлбөмбөг сонгохдоо яах вэ дээ” гээд зэмлэсэн. Аав сагсан бөмбөгөөр хичээллүүлэх хүсэлтэй байсан ч дасгалжуулагч багш намайг нуруу намхан гээд хассан юм.
-Намхан гэж гологдсон охинд тэр үед өөр спортоор хичээллэж, амжилт гаргах бодол төрсөн байх.
-Би их шартай. Намайг хассан багшид “Намайг аваагүйдээ хожим харамсана даа” гэх сэтгэгдэл төрүүлмээр санагдсан. Аймагт гандболын УАШТ болох тухай сонсоод дасгалжуулагчтай нь очиж уулзахад хичээллэхийг зөвшөөрөв. Тэр жил медальгүй хоцорсон ч багийнхнаасаа би ганцаараа шилдэг хаалгачаар шалгарсан юм. Тэмцээний үед намайг Б.Өсөхбаяр багш харчихаад “Чи хаалгач болбол хол явахаар хүүхэд байна” гэв. Тэгтэл сагсан бөмбөгийн багш “Чи буцаад хичээллэх үү” гэж асууж билээ.
-Хөлбөмбөгөөс түрүүлж гандболоор хичээллэсэн хэрэг үү?
-Тийм ээ. Гандболоор хичээллэсний дараа жил Зүүн Азийн наадмын урьдчилсан шатны тэмцээн Хонконгод болоход багийнхантайгаа оролцсон юм. Тус тэмцээнд Монголын гандболчдоос би Азийн шилдэг хаалгачаар шалгарсан. Бид хэсэгтээ БНАСАУ, Вьетнам, Макаогийн багийнхантай таарав. Хэдий өрсөлдөгч ч гэлээ БНАСАУ-ын тамирчдын ур чадвар, туршлагаар их бахархсан шүү. Гандболдын спортод ес, зургаа, дөрвийн шугам бий. Тэд есийн шугамаас үсэрч, хаалгачийн өмнөх дөрвийн шугам дээр бараг бууж байлаа. Би тэмцээний үед шагайгаа цуулснаа ч мэдээгүй. Яг тэр хөлөөрөө хаатал янгинаад л явчихсан. Эсрэг багийн тоглогч бөмбөг таслаад дахиад хүрээд ирлээ. Өөдөөс харж зогссон түүний шидсэн бөмбөгт оногдоод яах вэ гэж бодоод зүүн тал руу булттал нүүрэн дундуур тас хийтэл цохив. Би бултах гэсэн биш хаачихсан. Уруул сэтэрч, цааш үргэлжлүүлэхэд маш хэцүү байлаа. Шилдэг хаалгач шалгаруулах гол үзүүлэлт нь долоон метрийн торгуулийг хамгийн их хаах ёстой байв. Миний хувьд тэр үзүүлэлтийг хангасан юм. Эрэгтэйчүүдийн багаас шилдгүүдийг эхэлж тодруулсны дараа эмэгтэйчүүдээс, хамгийн сүүлд хаалгачийг шалгаруулсан. Тэгтэл Намуунаа гэх нэр сонсогдлоо. Гайхаад зогсож байтал багийнхан “Гадаадад чамтай адил монгол нэртэй хүн байхгүй шүү дээ. Шагналаа аваач” гэв. Хилийн дээс анх удаа алхахдаа шилдэг хаалгачийн шагналтай эх орондоо ирж байв.
-Гандбол, хөлбөмбөг тоглох техник өөр. Аль нэгнийх нь тэмцээнд оролцохдоо алдаа гаргачихдаг тохиолдол байв уу?
-Бий, бий. Улаанбаатарт гандбол, хөлбөмбөгийн тэмцээн нэг өдөр болж таарав. Өглөө нь гандбол, орой хөлбөмбөг тоглолоо. Хөлбөмбөгийн тэмцээнд оролцохдоо бөмбөгөө гандболын хаалгач шиг гараараа бариад улаан карт авч, талбайгаас гарсан. Тэр үед “Өө, би чинь хөлбөмбөг тоглож байгаа шүү дээ” гэж гэнэт санаж билээ. Тэмцээн давхацсан үед хөгжилтэй зүйл тохиолдоно. Спортоор хичээллэснээр би тэвчээр, хүндлэлээс суралцсан шүү.
-Нууцаар бэлтгэл хийж, тэмцээнд оролцож байгааг аав, ээжид тань хэн “алтан хошуу” өргөчихөв?
-Тэр үед аймгийнхаа “Од” цогцолбор сургуульд сурдаг байв. Тэмцээнд оролцохоор багш нар “Чи хичээлээ хийхгүй, хоцроод байх юм” гэж зэмлэнэ. Нэг өдөр ангийн багш манайханд “Намуунаа өмнө нь хичээлдээ сайн, сургуулиас зохион байгуулсан арга хэмжээнд идэвхтэй оролцдог байсан. Одоо бэлтгэлтэй гээд байсхийгээд алга болдог болчихлоо. Та нар охиныхоо хичээлд анхаарал хандуулах хэрэгтэй байна” гэж хэлснээр гэрт асуудал үүссэн. Хонконгоос шилдэг хаалгачийн шагналтай ирэхэд сургуулийн удирдлага, багш нар хадаг, сүүтэй угтаж “Чи дуртай спортоороо хичээллэ. Тэмцээнтэй үед чамайг хичээлээс чөлөөлж байя” гэв. Түүнээс хойш манайхан ойлгодог болж “Чи гаргасан шийдвэртээ дараа нь харамсаж болохгүй шүү. Сайн бодож, зөв шийдээрэй” гээд хэлсэн. Би айлын том охин, дөрвөн дүүтэй. Хоёр эрэгтэй дүү минь сагсан бөмбөг тоглодог. Бага охин дүү хөлбөмбөгт дуртай.
-Дуртай спортынхоо аль, аль төрөлд шилдэг хаалгач, шилдэг тоглогчоор шалгарна гэдэг тамирчин бүрт тохиодоггүй ховор боломж шүү дээ.
-Хүн хүсэл, зорилгынхоо төлөө тэмүүлэхэд юу ч саад болж чадахгүй гэж боддог. Үеэл эгч “Чи аливаа зүйлийг эхлүүлсэн бол үр дүнг нь үзтэлээ тууштай байх хэрэгтэй. Хэцүү байсан ч шантарч болохгүй” гэж хэлсэн үгийг нь марталгүй санадаг . Тамирчин хүнийг ойлгож, дэмждэг хүмүүс хүрээлэхээр амжилт гаргахад их нөлөөлдөг. Би бэлтгэл хийхгүй хэд хоновол багийнхныгаа үгүйлж, санана. Хааяа бэлтгэлийн цагаас хоцорвол буруу зүйл хийсэн мэт санагдана. Намайг хөлбөмбөгт хөтөлж, эргэлзэхгүйгээр шийдвэр гаргахад нөлөөлсөн хүн бол Дархан-Уул аймгийн хөлбөмбөгийн дасгалжуулагч С.Жаргалсайхан багш. Тэрбээр эмэгтэйчүүдийн ДАШТ-ий бичлэгийг харуулж “Эмэгтэйчүүд дэлхийн тэмцээнд оролцдог болсон. Монголд эмэгтэй хөлбөмбөгчид эрэгтэйчүүдээс түрүүлж хөгжих боломжтой. Чамайг үндэсний шигшээ багт орох хүртэл дасгалжуулъя. Харин чи бэлтгэлээ тууштай хийгээрэй” гэв. Тэр үед “Миний байх ёстой газар хөлбөмбөгийн ногоон талбай. Үүнийг заавал хийх ёстой” гэж бодож билээ. Би одоо ч багштайгаа байнга холбогдож, зөвлөлддөг шүү.
-Улаанбаатарт ирээд аль клубээс тоглолтынхоо гарааг эхэлсэн бэ?
-Би 2016 онд “Эрчим” клубээс гараагаа эхлүүлж, хоёр жил тоглоод “Хад”-д нэгдсэн юм. Хөлбөмбөгийн эмэгтэй тамирчдаас А.Алтантуяа эгчийг анх хараад ур чадвараар нь бахархсан. Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан тэмцээний үеэр түүнийг эсрэг багийн 16 шугам хүртэл ганцаараа хуурч, цохилт хийж дуусгахыг нь хараад “Эмэгтэй хүн ингэж хичээвэл чадах юм байна” гэж бодсон. Өөртөө тэр өдөр “Түүн шиг болно” гээд амлаж байв. Түүнээс хойш талбайд багийнхнаасаа 30 минутын өмнө ирж бэлтгэл хийдэг боллоо. Тэрбээр надад “Чи “Арвис” клубт тоглооч” гэж олон удаа санал тавихад шийдвэр гаргалгүй нэг хэсэг явсан. Монголд 2019 онд болсон лигийн АШТ-д эмэгтэйчүүдээс хамгийн олон баг оролцсон юм. “Арвис”-ынхан лигийн тоглолтыг нэг ялалт, нэг тэнцээтэй өндөрлүүлж, дөрвөн тамирчин нь шилдгээр шалгарч байлаа. Тэднээс А.Алтантуяа эгч бид хоёр одоо “Сторм” клубт тоглодог.
-Шигшээ багт дуудагдаж ирээд охидтой ойлголцох эхэндээ амаргүй байв уу?
-Бид эхэндээ шуудай доторх могойнууд шиг зөрчилддөг байлаа. Бүгд өөрийн гэсэн арга барилаар тоглох гэж зүтгэнэ. Тэр үеэ бодвол одоо нэгнийхээ занг сайн мэдэхээс гадна тэмцээний үед тоглолтыг нь хүртэл мэдэрнэ шүү дээ. Монголд 2018 онд Зүүн Азийн АШТ-ий I шатны тэмцээн болоход шигшээ багийнхан дасгалжуулагч Ц.Ганболд багшийн удирдлагад оролцсон. Марина арлынхантай тоглохдоо багийнхнаасаа би хамгийн анхны хожлын гоолыг оруулсан юм. Тоглолтын өмнө өөрийгөө довтлогчоор гарцаагүй тоглоно одтол нэр минь байсангүй. Сэлгээнд тоглуулахаар болсныг мэдээд сэтгэлээр унаж “Би багшийн сэтгэлд хүрээгүй юм байна” гээд дурамжхан сууж байтал багш “Намуунаа үлдээрэй. Чи бол миний нууц хөзөр шүү” гэв. Сэлгээнээс багийнхныгаа талбайд хэрхэн тоглож байгаагхараад дотроо тодорхой дүгнэлт хийсэн байлаа. Би тоглолтын өмнө их сандардаг. Тэр тэмцээнд оролцохдоо тайван байгаа өөртөө их гайхсан. Сэлгээгээр тоглосон ч эхний үед гоол хийж амжсангүй. Багшийн “Чи миний нууц хөзөр шүү” гэж хэлсэн үг толгойд байнга бодогдоод байв. II үеийн тоглолт эхлэхэд А.Алтантуяа эгч хойноос холын шидэлт явуулахад намайг хамгаалж байсан хамгаалагч урдуур орж, бөмбөг таслах гэтэл зөрчихлөө. Намайг бөмбөг рүү гүйхэд цаанаас Маргадтуяа ирж яваа харагдав. Би түүнд бөмбөгийг үлдээх гэснээ больж, айлын хаалга руу цохитол гоол орчихлоо. Манайхан баярлаж, намайг тэврээд “Одоо бүгдээрээ сэргэж, бут авна шүү гээд хашхирсан. Эмэгтэйчүүдийн шигшээ багийг тэр жил байгуулж, гурван сар бэлтгэл хийлгэн Зүүн Азийн I шатны тэмцээнд оролцуулахад түрүүлж, хэсгээсээ шалгарсан юм. Эх орондоо анх удаа зохион байгуулсан том тэмцээнд багийнхантайгаа аваргын алтан цом өргөж зогссон тэр үеийн догдлол, мэдрэмжийг үгээр илэрхийлжчадамгүй. Хөлбөмбөгөөр анх хичээллэдэг байхдаа эмэгтэйчүүдийн шигшээ баг байгуулбал бүрэлдэхүүнд нь багтаж, тоглох сон гэж мөрөөддөг байсан охины хүсэл биелсэн. Бид дасгалжуулагч С.Эрдэнэ-Очирын удирдлагад Тайландыг ирэх сард зорьж, 2024 оны олимпын эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдөнө. Тиймээс Төв аймагт шинээр байгуулсан хөлбөмбөгийн цогцолборт бэлтгэлээ базааж, хэсэгтээ тоглох багуудыг судлан, бичлэгийг нь үзэж байгаа.
-Хэрвээ хөлбөмбөгтэй нөхөрлөж, тамирчин болоогүй байсан бол гэх бодол хааяа төрдөг үү?
-Надад сүүлийн үед ийм бодол төрөх болсон. Тэр үед аав, ээжийнхээ үгийг дагаж, дуртай спортоо орхисон бол ямар амьдралаар хэрхэн замнаж явахаа үнэхээр төсөөлөхгүй байна. Би мөрөөдлийнхөө төлөө зөв шийдвэр гаргасандаа баярладаг. Одоо зорилгодоо хүрэхээр тэмүүлж яваа. Одоохондоо их, дээд сургуульд сурахаас илүү тамирчны карьер, амжилтдаа анхаарал хандуулна. Миний хувь нас биед хүрсэн тул аав, ээжээсээ мөнгө аваад байхыг нэг их хүсдэггүй. Гэхдээ хэрэг болох зүйл бишгүй гарна. Хөлбөмбөгийн шигшээ багийнхан цалингүй. Бид дуртай спорт, зорилгынхоо төлөө нэгдэж тоглодог. Зарим нь өглөө ажиллаж, орой тэмцээнд оролцоно. Автомашины түгжрэлийг тооцож, ажил тарахаас хоёр цагийн өмнө чөлөө аваад тоглолтын талбай руу явах жишээтэй. Энэ ташрамд, намайг энэ спортод хөтөлсөн Дархан-Уул аймгийн дасгалжуулагч С.Жаргалсайхан багш, амжилт гаргах үеэс ойлгож дэмжсэн гэр бүл, мөн ямар ч үед тойрон хүрээлдэг найз нөхдөдөө баярлалаа гэж хэлье. Шилдэг эмэгтэй тоглогчоор шалгарч, “Алтан бөмбөг” гардахад чухал үүрэг гүйцэтгэсэн “Сторм” клубийнхээ хамт олонд бас талархаж явна. Та нар минь байгаагүй бол би энэ хүндтэй шагналыг хүртэхгүй байлаа.