Боловсролыг хамгийн чухал зүйл гэж үздэг, суралцаж, хөгжихийг амьдралынхаа зорилго, хобби, хэвшил болгосон энэ эрхмийг Дэмчигийн Батболд гэдэг. АНУ-ын Орегон технологийн институтийг машин үйлдвэрлэлийн технологи инженер мэргэжлээртөгссөн тэрбээр тус оронд 17 жил гаруйн хугацаанд ажиллаж буй юм.
-Юуны түрүүнд таны мэргэжлийн талаар яримаар санагдлаа. Машин үйлдвэрлэлийн технологи инженер хүн чухам ямар ажил хийдэг юм бэ?
-Бүх зүйлийг задалбал олон эд ангид хуваагддаг. Өөрөөр хэлбэл, бүх зүйл олон жижиг эд ангиас бүрддэг гэсэн үг. Хамгийн энгийн жишээн дээр авч үзвэл ердийн нэг суудлын автомашин гэхэд 4000-5000 мянган эд ангиас бүрддэг бол нисэх онгоцонд ойролцоогоор хоёр сая эд анги байдаг. Үйлдвэр, цахилгаан станцууд ч олон арван тоног төхөөрөмжөөс бүрддэг. Тэр тоног төхөөрөмжүүд мөн л олон эд ангиас бүрдэнэ. Машин үйлдвэрлэлийн технологи инженер хүний ажил бол эдгээр эд ангийг технологи талаас хамгийн зөв шийдлээр богино хугацаанд, эдийн засгийн хувьд аль болох бага зардлаар зөвшөөрөгдөх хэмжээ дамжааг нь алдагдуулахгүйгээр олон тоогоор үйлдвэрлэн гаргах явдал юм. Ингэж үйлдвэрлэхийн тулд янз бүрийн үйлдэлтэй компьютер, тоон удирдлагын системтэй суурь машинуудыг программчилж тохируулан, үйлдвэрлэлд бэлдэх хэрэгтэй бол дог. Жишээ нь, усыг маш өндөр даралтад оруулаад, карбайд эсвэл керамикын маш жижиг ширхэгтэй хольж, тусгай нарийн хоолойгоор гаргахад хурд нь дууны хурднаас өндөр болдог. Тэгвэл ийм өндөр даралттай усыг ашиглаж ямар ч хатуулагтай металлыг төвөггүй зүсдэг машин хүртэл бий. Ер нь энэ салбарт гараар хийдэг зүйл нэг ч байхгүй. Бүгдийг компьютержсон машинаар хийдэг. Учир нь ийм суурь машинуудаар хийснээр эд ангиудын нарийн хэмжээсүүдийг жигд түвшинд барих боломжтой болдог. Үгүй бол тухайн эд ангиудыг нийлүүлж угсрах боломжгүй болно. Нөгөө талаар хүний гар, хурууны үзүүр хүртэл зүрхний цохилтын хэмнэлээр чичирхийлэн хөдөлж байдагтай холбоотойгоор бид нэг зүйлийг яг адилхан хийж чаддаггүй. Тиймээс мөнгөн тэмдэгтийн эх хэвийг машинаар биш, хүний гараар хийлгэдэг учиртай. Эцэст нь хийсэн эд ангиудыг нарийн хэмжилтийн багаж эсвэл координат хэмжилтийн машинаар шалгаж, зөвшөөрөгдсөн хэмжээнд байна уу гэдгийг тогтоодог. Зах зээлд шинэ бүтээгдэхүүн шууд үйлдвэрлэн гаргах хэрэгтэй боллоо гэхэд зураг төслийг нь компьютер дизайн, графикийн программ дээр эд анги бүрээр нь зурж бэлдээд, дараа нь угсарч үзэх зэргээр бэлтгэл ажлуудыг гүйцэтгэдэг. Жишээ нь, 3D принтер бол манай мэргэжлийн салбарт дээр үеэс байсан зүйл. Ийм принтерийн тусламжтайгаар эд ангиудыг хуванцраар хийж, эвлүүлж үздэг байсан юм. Одоо бол 3D принтер хэрэглэгчдийн гар дээр л байдаг болж. Ер нь энэ бол үйлдвэрлэлийн маш чухал салбар. Машин үйлдвэрлэлийн технологийг аж үйлдвэрийн үндэс суурь гэж үздэг.
-Цаг үеийн хөгжлөө дагаад зарим ажил мэргэжил зах зээлээс шахагдаж, нарийн гэж хэлж болохоор мэргэжлийн үнэ цэн өсөж байна. Тэгвэл машин үйлдвэрлэлийн технологи инженер хэр эрэлт хэрэгцээ, үнэ цэнтэйд тооцогддог мэргэжил вэ?
-Аж үйлдвэржсэн орнуудын хөдөлмөрийн зах зээлд энэ мэргэжил хэзээд эрэлт хэрэгцээтэй байдаг. Өндөр ур чадвар, техник, технологийн нарийн мэдлэг шаарддаг учраас тийм ч олон хүн энэ мэргэжлээр суралцдаггүй юм. Жишээ нь, миний төгссөн институтэд ийм мэргэжлээр элсэн орох хүсэлтэй хүмүүст заавал технологийн коллежид суралцаж, төгссөн байх шалгуур тавьдаг. Үүний дараа шилжиж очдог. Энэ нь дээд шатны хичээлүүдийг ойлгоход маш сайн суурь болж өгдөг онцлогтой. Тийм учраас л хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдэн гарч байгаа мэргэжилтнүүдийн тоо бусад инженерүүдтэй жишихэд харьцангуй бага байдаг юм уу даа. Хошин гэмээр статистикийн нэг дүн шинжилгээ уншсан юм байна. Хүмүүсийн 80-90 хувь нь тухайн зүйлийг шүүмжилж, эсвэл хоорондоо ярилцаж байдаг бол зөвхөн үлдсэн 10 хувь нь л хийж чаддаг гэж. Үнэн байж магадгүй шүү.
-Энэ салбарын хөгжил, чиг хандлага хаашаа явж байна вэ. Тухайлбал, ямар орнууд эл чиглэлд манлайлдаг юм бол?
-Жил ирэх тусам энэ салбарт автоматжуулалт эрчимтэй нэвтэрч, технологийн хувьд улам боловсронгүй болж буй. Яг л гар утас шиг. Дээрээс нь программ хангамж улам сайжирч байна. Суурь машинуудыг илүү өндөр түвшинд программчилж, хүний оролцоо багасаж байгаагийн хэрээр оронд нь робот өргөнөөр ашиглах боллоо. Эл чиглэлээр манлайлагч улсууд гэвэл бидний хэлж заншсанаар “Их долоо” буюу хамгийн өндөр түвшинд аж үйлдвэржсэн орнуудыг нэрлэнэ. Сүүлийн үед Бразил болон манай өмнөд хөрш энэ салбарт эрчимтэй урагшилж байгаа.
-Түгээмэл биш, Монголд төдийлөн сайн танигдаагүй ийм мэргэжил эзэмшихэд юу нөлөөлөв?
-Би Бага тойргийн хүүхэд л дээ. Манайх Японы ЭСЯ-ны хажууд байдаг байлаа. Одоо тэр байранд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАИКА) байдаг гэсэн. Бага байхаасаа л ЭСЯ-ны зурагт хуудсыг үзэх дуртай байв. Тэдгээрийг долоо хоногт хоёр удаа сольж шинэчилдэг байсан бөгөөд ихэвчлэн тухайн орны шинжлэх ухаан, технологийн ололт амжилтуудтай холбоотой зургуудыгтайлбартай байршуулдаг байсан юм. Энэ нь надад их нөлөөлсөн гэж боддог. Бага байхын л өөрийнхөө тоглоомыг хийчихдэг хүүхэд байлаа. Тэр үеийнхэн одооны хүүхдүүд шиг ийм элбэг дэлбэг тоглоомтой байгаагүй. Зун бороо ороход бөөн баяр болно. Хар модны холтсыг замын хашлагад үрж завь болгоод, хайрцагны зэвтэй хадаасыг чулуугаар цохиж тэгшлэн шургаа хийнэ. Тэгээд л улиасны навчин далбаатай жижигхэн завиа өдөржин тогтоол усанд хөвүүлж тоглоно доо. Тэр тогтоол ус нь яг элчингийн дааман хаалганы хажууд байсныг ч хэлэх үү, үүд нь байсхийгээд л онгойж, тэр бүрт далбаатай машин гарч ирнэ. Заримдаа нөгөө муу завиа дайруулчихна. Эхнээс нь бүр гоёыг хийнэ. Сургуульд ороод Залуу техникчдийн ордонд явдаг болсноор хийдэг тоглоомууд минь бүр боловсронгуй болж эхэлсэн. Дунд ангид байхаасаа Японы Политехникийн дээд сургуульд суралцах юм сан гэж хүсэж, япон хэл судалж байв. Сүүлд нь коллежид япон хэл үзэж эхэлсэн. Япон багштайгаа ойлголцохын тулд англиар ярьдаг байсан юм. Багш гайхаад, ямар учраас япон хэл үзэж байгааг минь асууж билээ. Тэгээд үнэнээ хэлтэл Японы политехникийн сургуулиудад ашигладаг ихэнх сурах бичгийг Америкт хэвлэдэг тухай ярьсан. Тэгээд л энд ирсэн дээ.
-Орегоны технологийн институтийг сонгосон шалтгаан нь юу байсан бэ. Машин үйлдвэрлэлийн технологиос гадна цахилгаан ба удирдлагын системийн инженерээр тус сургуульд суралцсан, одоо ч улирал тутам хичээл авдаг гэж дууллаа.
-Энэ мэргэжлийг политехникийн бүх сургууль олгодоггүй л дээ. Харин Орегоны технологийн институт бол энэ мэргэжлээр сурах боломжтой цөөн сургуулийн нэг. Учир нь эндхийн баруун хойд хэсэгт “Intel”, “Nike”, “Ore¬gon health science”, “Boeing” зэрэг томоохон корпорацаас эхлээд олон улсад нэр хүндтэй жижиг, дунд үйлдвэр, бизнесийн байгууллага цөөнгүй байдагтай холбоотой. Орегоны технологийн институтэд “Intel”, “Boeing”-ийн инженер техникийн ажилтнуудад зориулсан тусгай хөтөлбөр хүртэл байдаг. Тиймээс тухайн корпорацад ажилладаг инженер техникийн ажилтнууд мэргэжил дээшлүүлдгийн зэрэгцээ төгсөөд тэнд ажиллах хүсэлтэй хүмүүс бас тус хөтөлбөрт хамрагддаг. Зөвхөн энэ чиглэлээр биш, өөр мэргэжлээр ч сурах боломжтой. Нэр хүндтэй институт болохоор төгсөгчдөд нь ажил эрж хайх шаардлага, олдохгүй гэх бэрхшээл байдаггүй. Төгсөх дамжаанд орох үеэс эхлээд ажлын саналууд ирж байдаг. Би ч мөн адил төгссөнийхөө дараа мэргэжил дээшлүүлэх зорилгоор, бас өөрийнхөө дур сонирхлоор цахилгаан ба автомат удирдлагын системийн инженер мэргэжлээрсуралцсан юм.
-Та сүүлийн 17 жил мэргэжлээрээ ажилласан юм билээ. Тэгэхээр чамлахааргүй их туршлага хуримтлуулсан нь дамжиггүй.
-Тэгэлгүй яах вэ. Сургуулиа төгссөнөөсөө хойш орон нутгийн үйлдвэрүүдэд тогтвор суурьшилтай ажиллаж байна. Миний хувьд хамт суралцаж байсан найз нөхдийн туршлага, өөрийн хэтийн төлөвлөгөө зэргээс шалтгаалаад нэр хүндтэй томоохон үйлдвэрт жижиг эрэг шургийнхэмжээнд очиж, өдөр бүр ижил төрлийн зүйл давтан хийхээс илүү жижиг, эсвэл дунд зэргийн, өсөж яваа бизнесийн байгууллагуудад ажиллах нь арвин туршлага хуримтлуулах боломж гэдгийг ойлгож мэдсэн. Мөн энэ нь өөрийнхөө сурсан мэдсэнийг практиктай харьцуулж, туршиж үзэх бүрэн дүүрэн боломж юм. Ер нь Америкт хүн амьдралынхаа туршид нийтдээ 12-13 удаа ажлаа, 2-3 удаа мэргэжлээ сольдог гэсэн статистик байдаг.
-Яг одоо ямар ажил дээр төвлөрч байна вэ?
-Одоогийн ажиллаж байгаа корпорац маань технологийн шинэчлэл, өөрчлөлтийн хурдыг гүйцэхгүй хоцорч яваа газар байсан. Би өмнөх ажлаасаа зориуд гарч энэ корпорацыг сонгосон нь өөрийн мэдлэг чадварыг сорьж үзэх боломж гэж харсантай холбоотой. Жилийн дараа манай бүтээгдэхүүний борлуулалт илт сайжирч, удалгүй 30 жилийн түүхэн дэх хамгийн өндөр рекордыг гүйцэж түрүүлээд, цаашид тогтвортой өсөх хандлагатай байгаа. Энэ бол миний бахархал. Өмнө нь ажиллаж байсан бизнестээ ч чамлахааргүй амжилт авчирсан. Намайг ажиллаж байх хугацаанд цэвэр ашиг нь гурав дахин нэмэгдсэнийг дурдахад таатай байна. Статистикийн судалгаагаар аль ч албан газар, бизнесийн байгууллагад тухайн бизнесийг авч явах чадвартай хүмүүс нийт ажилтнуудынх нь 10 хувийг бүрдүүлж байдаг бол бусад нь энэ хэсгээ дагаж явдаг. Энэ тоон үзүүлэлт улсын хэмжээнд очихоороо 3-5 хувь болж буурдаг.
-Америкт олон жил ажиллаж, амьдарч байгаа нь таны эзэмшсэн мэргэжил, ажилладаг салбар Монголд хөгжөөгүйтэй холбоотой юу?
-Арай үгүй ээ. Аливаа бизнесийн гол зорилго бол ашиг олох шүү дээ. Гэтэл Монголд зах зээлд хэрэгцээтэй байгаа бараа, бүтээгдэхүүнийг аль болох дотооддоо үйлдвэрлэж, нийлүүлэх бодлого барихаас илүү маш бага татвартайгаар импор тоор оруулж ирээд, дундаас нь цавчаа хийдэг бүхэл бүтэн бүлэглэлүүд байдаг гэж дуулсан. Бас дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалсан төрийн бодлого байдаггүй. Бүр эсрэгээр нь элдэв татвар, НӨАТ зэргээр дарамталж, санхүүгийн хүнд байдалд оруулдаг. Ер нь манай улсад эрх зүй, эдийн засгийн эрүүл, зөв орчин байхгүй. Яваандаа энэ байдлыг бүх нийтээрээ ойлгож, цэгцлэх байх гэж найддаг. Эцэст нь хэлэхэд үйлдвэрлэлгүй улс орон эхлээд нэр хүндээ, дараа нь эрх чөлөөгөө, адаг сүүлд нь ирээдүйгээ алддаг.
-Мэргэжлийнхээ үнэ цэн, ач холбогдлыг таниулах үүднээс монгол залуучууддаа мэдээлэл хүргэдэг үү?
-Тийм. “Фэйсбүүк”-ийн бүлгэмүүдэд ажлын байртай холбоотой зар хэд хэдэн удаа оруулж байсан. Үүний мөрөөр хүмүүсээс асуулт их ирдэг. Тэр болгонд хариулж, зааж зөвлөх бололцоо гардаггүй. Харин энэ ярилцлага тэдэнд илүү сайн ойлголт өгөх болов уу.
-“Залуучууд техник, технологи гэхээр компьютероос цааш харахгүй, мэдэхгүй байх шиг санагддаг” гэж та хэлсэн. Бид энэ эрин зууны шалгуурт нийцэж, цаг үеийнхээ хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд ямар мэдлэг, ур чадвар эзэмших ёстой вэ?
-Компьютерын мэдлэг бол мэдээж чухал. Гэхдээ яг гадаад хэл шиг ихэвчлэн мэдээлэл боловсруулах, дамжуулах, солилцох хэрэглэл байдлаар ашиглагдаж байгаа. Орчин үеийн хүн бүрт байх ёстой наад захын шаардлага нь энэ хоёр. Хөдөлмөрийн ямар ч зах зээлд багтаамж гэж байдаг. Тэр хэмжээнээс хэтэрвэл тухайн мэргэжлийн үнэ цэн буурдаг. Тиймээс мэргэжлээ сонгохдоо зах зээлийн багтаамжийг нь бодолцох хэрэгтэй. Дээрээс нь нэмж хэлэхэд комьпютерын орчин бол виртуал буюу хийсвэр зүйл. Гэтэл бид бодит ертөнцөд амьдарч байгаа. Бодит ертөнцөд хийж бүтээх ёстой зүйл маш их. Ер нь бидний мөрөөддөг, жишгээр нь хөгжихийг хүсдэг аж үйлдвэржсэн орнуудад тухайн хүний олж авсан мэдлэг боловсрол материаллаг баялаг болж хувирах чадваргүй бол түүнийг мэдлэг биш, мэдээлэл байна гэж үздэг. Тийм болохоор материаллаг баялаг буй болгодог салбаруудад мэдлэг, ур чадвар эзэмшвэл зохистой болов уу гэж бодож байна. Бас амжилтад хүрэхийн тулд лифтээр биш, шатаар явах хэрэгтэй. Шат бүр дээр гишгэж, удаан явж очсон хүн хождог.
-Ямар мэргэжил эзэмшихээ, аль салбарт ажиллахаа мэдэхгүй байгаа залуучуудад юу гэж зөвлөх вэ?
-Хүн өөрийнхөө хийж буй ажилд дур сонирхолтой байх ёстой. Ингэхийн тулд ажил мэргэжлийнхээ үр өгөөж, ач холбогдлыг мэддэг байх нь чухал. Сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно гэж үг бий. Аж үйлдвэрийн салбарт эрэгтэйчүүдийн эзлэх хувь харьцангуй өндөр байдаг нь эрэгтэй хүний төрөлхийн зан авиртай илүү тохирдогтой холбоотой. Бидний амьдарч байгаа энэ цаг үе бол яалт ч үгүй техник, технологийн эрин зуун. Энэ үеийн аж амьдралын суурь инженер техникийн салбарын ажилтнуудын гарт байдаг.
-Таны цаашдын зорилгыг сонирхож байна. Хуваалцаж болох уу?
-Мэдээж ийм мэргэжилтэй хүн тэтгэвэрт гарахдаа юу хийхээ мэдэхгүй сууж байна гэвэл утгагүй. Хараахан эхлүүлээгүй боловч бизнесийн санаа, зах зээл өчнөөн байна.