Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах УИХ-ын түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шатыг тав дахь өдрөө зохион байгуулж, өнгөрсөн баасан гарагт өндөрлүүлэв. Сонсголын сүүлийн өдөр “Голомт” банкаар олгосон ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл, Хөгжлийн банкны нийт активын төвлөрөл, мөнгөн хөрөнгийн удирдлагын талаар хэлэлцсэн юм. Эдгээртэй холбоотойгоор 39 гэрчийг дууджээ. Харин гурван шатны сонсголд нийт 356 гэрч оролцсон байна. Энэ нь сонсголд дуудан, мэдэгдэл хүргүүлсэн гэрчүүдийн 53 хувь нь аж.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр сонсголыг хааж үг хэлэхдээ “Сонсголын тайланг боловсруулж, Хянан шалгах түр хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Улс төр болон бизнесийн ямар нэгэн нөлөөлөл, оролцоо, шахалтгүй, хараат бусаар сонсголыг явуулахыг хичээж ажиллалаа. Тиймээс санал, дүгнэлтийг хамтдаа хэлэлцэн, эцэслэх нь зүйтэй хэмээн үзэж байна. Иргэд уг сонсголын санал, дүгнэлтэд d.parliament.mn платформоор дамжуулан энэ сарын 17-23-нд хандаж, байр сууриа илэрхийлээрэй. Иргэдийн саналыг хамтатган, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах дүгнэлтдээ тусгана” гэв.