Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах болон дагалдан баталсан хуулиудад бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, оролцсон 46 гишүүний 89.1 хувь нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Таван гишүүн хоригийг хүлээж авахыг дэмжээгүй бөгөөд тэд С.Амарсайхан, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Ч.Хүрэлбаатар, Ц.Цэрэнпунцаг нар аж. Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Цахим орчин, олон нийтийн сүлжээнд эрх зүйн зохицуулалт хийх шаардлага бий. Харин ямар хуулиар хэрхэн зохицуулах нь парламентын бүрэн эрхийн асуудал” гэснийг гишүүд дэмжиж буйгаа илэрхийлж, бүр яаралтай батлах нь зүйтэй хэмээсэн нь ч байв.
Хоригийг хүлээж авсантай холбогдуулан нэр бүхий байнгын хороод, ХЭҮК хамтран төслийг нь шинэчлэн боловсруулж, Хууль, тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн дахин өргөн мэдүүлэхийг УИХ-ын дарга чиглэл болгосон юм. Мөн тэрбээр “Эдгээр хуулийг хэлэлцэхдээ УИХ хуралдааны дэг зөрчсөн юм шиг зарим гишүүн яриад байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын хоригт ч ийм санаа бий. Хуулиа зөв хэрэглэх хэрэгтэй. Хууль тогтоомжийн болон Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.4.1, 3.4.3-т заасан асуудлаар нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн төсөлд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагагүй. Нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн бол УИХ дараалал харгалзахгүйгээр хэлэлцэх үүрэгтэй. Улс оронд нэн яаралтай асуудал тохиолдоно. Гэсэн ч бид энэ хуулийн заалтаа өөрчлөх шаардлагатай болж байна” гэв.
Харин сөрөг хүчний гишүүн Д.Ганбат “Олон нийтийн сүлжээнд хориг, хязгаарлалт хэрэггүй. МАН-ынханд ард түмэн хоёр сонгууль дараалан итгэл хүлээлгэж байхад энэ мэт буруу зүйл хийсээр л байна. Та бүхэн хуулиудыг яаж баталдаг нь эндээс харагдлаа. Ардчилсан Монгол Улсад хууль дээдлэх зарчим алдагдсаны нэг л баталгаа нь энэ” гээд дээрх төслийг дахин боловсруулж, өргөн мэдүүлэхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.