"Мартахгүй, давтахгүй" хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалыг өнгөрөгч бямба гарагт “Лантуун дохио” ТББ-аас санаачлан УДЭТ-ын гадна талбайд зохион байгууллаа. Хүүхдийн хүчирхийлэлд цэг тавих цаг ирсэн, хэчнээн төгс хуультай байлаа ч иргэдийн хяналт оролцоо сайжрахгүйгээр уг асуудал алга болохгүй гэсэн уриатайгаар эл жагсаал болсон юм. “Нэг ч гэсэн хүүхдийн амийг бид түрүүлж хамгаалж, аврах ёстой. Үүнийг бид өөрсдөөсөө эхэлж, боломжоороо устгамаар байна. Хууль, эрх зүйн орчин хангалтгүй бол шаардаж, засаж сайжруулъя” гэж тус ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан мэдэгдэж, жагсаалд оролцсон залуусыг уриалсан юм.
Гурван настай хүүхэд сэхээнд ортлоо зодуулж, хүчирхийлэлд өртсөн харамсалтай явдал саяхан гарсан нь олон нийтийг цочирдуулсан. “Лантуун дохио” ТББ-ынхны хувьд энэ мэт хүчирхийллийг зүгээр хараад суухгүй, бүрмөсөн зогсоох, өдөр бүр тэмцэж байж үр дүнд хүргэх ёстойг илэрхийлэв. Дараа нь тэд Зурагтын чиглэлд хөдлөн, зам дагуух айлууд, ойр орчмын иргэдэд уриалгаа хүргэж, хашаан дээр нь ч үгээ бичиж хаджээ. Амар тайван, эрүүл орчинд өсөх ёстой, ирээдүйн үнэ цэнтэй иргэд болох бяцхан хүүхдүүд цоожтой хаалганы цаана далд хүчирхийлэлд өртөх нь нэмэгдэх болсныг энэ жагсаалаар тэд анхааруулсан юм. Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд зам, тээврийн ослоор 360 орчим хүүхэд нас барсныг тус байгууллагынхан дурдаж, жагсаалд тэр тооны хүүхдийн гутал авчирч, овоо босгосон байлаа.