Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй уулзлаа. Тэрбээр Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойн баярын мэндийг нийт генерал, офицер, ахлагчид, хугацаат цэргийн алба хаагчдад дэвшүүлээд, дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд үед өргөсөн тангарагтаа үнэнч байж ард түмэн, эх орноо батлан хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсэнд талархал илэрхийлэв.
Мөн дэлхий дахин, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагаа, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулсан юм. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн боомтын сэргэлт болон төвлөрлийг сааруулах, хот, хөдөөгийн сэргэлтийн ажилд манлайлан оролцож байгааг Ерөнхий сайд дурдаад, Засгийн газраас зэвсэглэл, техникийн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, 2024 оноос хугацаат цэргийн алба хаагчдын тоог нэмэх, “Оюутан цэрэг” хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг зорилт тавьж буйгаа онцоллоо.
Бэлтгэсэн У.Наран