УИХ-аас байгуулсан, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос хийж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат дөрөв дэх өдрөө үргэлжлэв. Өчигдрийн сонсголоор арилжааны банкуудаар дамжуулан олгосон гурван багц зээлийн талаар хэлэлцсэн юм. Тодруулбал, экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэл “888 төсөл” (хоёр тэрбум төгрөгөөс дээш дүнтэй), “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд бүсийн тулгуур төв, аймаг, орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг бий болгоход 50 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт олгосон зээл багтжээ. Мөн үйлдвэрлэлийг дэмжих зорилтын хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүнийг өсгөж, ажлын байр бий болгох 70 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт олгосон зээлийн талаар хэлэлцсэн юм.
Үүнтэй холбоотойгоор 78 гэрчийг дууджээ. Тэдний дунд АН-аас УИХ-д сонгогдсон болон өдгөө гишүүнээр ажиллаж буй хэд хэдэн хүн байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тухайн үед Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан тул гэрчээр оролцлоо. Тэрбээр хоёр дахь удаагаа гэрчээр оролцсон нь энэ. Өдгөө УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж буй О.Цогтгэрэлийн хамаарал бүхий хэд хэдэн компани Хөгжлийн банкнаас зээл авсан нь түүнийг дуудах шалтгаан болжээ. Тодруулбал, “Тэсо” 2013 онд тав, 2014 онд хоёр, “Агь” 4.1 тэрбум, “Милко” 750 сая төгрөгийн зээл авсан байна. Тэрбээр “Төрөөс бизнес, эдийн засгийг дэмжих янз бүрийн бодлого хэрэгжүүлж ирсэн. 888 төслийн хувьд бүх эрсдэлийг нь арилжааны банканд үүрүүлж, зээл олгосон. Засгийн газрын эл бодлого зөв байсан юм. Гэхдээ ямар ч ажлыг хийж, хэрэгжүүлэхэд асуудал тулгардаг. Зээлээ зориулалтын дагуу зарцуулсан, үр дүн гарсан, эсэх нь чухал. Энэ бол 10 жилийн өмнөх явдал. Одооямар асуудлаар дуудагдсанаа мэдээгүй учраас бэлдэж амжсангүй. Энд дурдаад байгаа компаниудын зарим нь шууд хамааралтай, хамаарал бүхий байна. Зээлийн гэрээг тухайн компаниудтай шууд хийсэн. Миний хувьд гуравдагч этгээдээр гарын үсэг зурж, тамга даран, хариуцлага хүлээгээгүй. Арилжааны банкнаас зээл авахад Ерөнхий сайдын зөвлөх байсан ч нөлөөлөхгүй” гэж байлаа.
Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Я.Санжмятав гэрчээр хүрэлцэн ирсэн бол УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатын утасны дугаар өөрчлөгдсөн учраас холбогдож чадаагүйгээ зохион байгуулагчид тайлбарлав. Мөн УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг өнөөдөр (өчигдөр) Болгар улсад албан томилолттой яваа тул оролцох боломжгүйгээ уламжилсан байна. Түүний “овоглодог” “Монос” групп нь ургамлын гаралтай эрүүл мэндийн ундаа үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 5.9 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тусгруппийг УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн төрсөн ах Л.Хүрэлбаатар 100 хувь эзэмшдэг аж. Гэхдээ зээлээ бэлэн зарлагаар гаргасан тул зарцуулалтыг нь нягтлах боломжгүйг шинжээч дүгнэлтдээ дурдлаа.
Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат эрүүл мэндийн болон хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэх шалтгаанаар сонсголд оролцох боломжгүй хэмээн мэдэгджээ. Үүнээс гадна “Алтай групп” ХХК газар тариалангийн салбарт төсөл хэрэгжүүлэхээр 2014 онд 20, 2016 онд 30 тэрбум (Дорнод аймгийн Халхгол сумд гурилын үйлдвэр байгуулах төсөл) төгрөгийн зээл авсан байна. Тус компанийн 20 хувийг