Малын хулгайч нарын арга үйлдэл нарийсч, сүлжээнд орсон гэдгийг малчид ярьдаг. Хуулийг чангатгаж байж, “сүүлгүй чоно”-нуудтай тэмцэж чадна гэж тэд үздэг ч хууль сахиулах, тогтоох байгууллагынхан хулгай л бол хулгай гэдэг байдлаар ханддагаас малын хулгайч нар даварч, иргэдийг багагүй хохироох болсон. Архангай аймгийн Хайрхан суманд хүн бүл цөөтэйг нь далимдуулж, хоёр нуруу өвсийг нь шатааж, галаа унтраахаар сандралдаж байх хооронд хоёр үхрийг нь хээр аваачин нядалж, гэдэс, шийрийг нь үлдээгээд явсан гэх мэдээлэл байгаа юм. Гэмт хэрэгтнүүдийн учруулсан хохирол хуульд заасан хэмжээнд хүрэхгүй байна гээд эрүүгийн хэрэг үүсгэлг үй, захиргааны арга хэмжээ аваад явуулах тохиолдол аль ч аймагт байдаг. Гэтэл малын хулгайч нар хохирлыг нь барагдуулах нэрээр өөр айлаас хулгай хийгээд хохирогчид өгөх явдал цөөнгүй.
Архангай аймгийн нэгэн суманд хоёр хөгшний уналгын морийг нь хулгайлж, махалсан хэрэг удаа дараа гарчээ. Хоёр хөгшин тэтгэврийнхээ хэдэн төгрөгийг цуглуулж байж жилдээ нэг удаа унааны морь худалдаж авдаг юм байна. Түүнийг нь саахалтынх нь залуу хулгайлаад ченжүүдэд өгчихөж. Цагдаад мэдэгдэж, хууль хяналтын байгууллагынхан аймгийн Цагдаагийн газарт авчирдаг боловч төд удалгүй хохирлын хэмжээ нь хүрсэнгүй гэдэг үндэслэлээр суллагдаад очдог байна. Улмаар тэднийг “Та нар намайг шоронд орно гэж санав уу. Санасны чинь гарз, одоо танай хотыг чинь харлуулна” хэмээн сүрдүүлж байсан гэнэ. Өмнө нь 1-2-оор нь удаа дараа мал хулгайлсан ч баригдсан ганц үйлдэлд нь хуулиар хариуцлага тооцох ёстой байдаг.
Цагдаагийн байгууллага малын хулгайн хэрэгт авах арга хэмжээг чангатгаж, Эрүүгийн хуульд тусдаа санкц бий болгоё гэдэг ч Хууль зүй, дотоод хэргийн яамныхан ч, сайд нь ч “Хулгайн хэрэгт ялгаа байхгүй” гээд малын хулгайчдыг өөгшүү лээд байдагт малчид бухимдаж явдгаа удаа дараа илэрхийлж байсан юм. Малчид малыг нь хулгайлсан хэрэгт сэжиглэж байгаа хүмүүсээ цагдаад хэлснийхээ төлөө амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол ч гарчээ. Цагдаад мэдэгдээд арга хэмжээ авч өгөхгүй болохоор нь өөрсдөө тооцоо бодсон тохиолдол ч байна. Түүнээсээ болж малчид нь эрүүгийн хэрэгт холбогдож, шүүхээр ял шийтгүүлэхдээ тулаад байгаа явдал Архангай аймагт гарлаа. Хулгайч холоос очиж малыг нь хулгайлдаггүй, ойрхон байдаг гэдгийг малчид мэддэг. Зарим тохиолдолд саахалтынх нь хотонд нь халдаж байгааг харсан ч дараа нь өөрийнх нь малыг хулгайлчих вий хэмээн айж дуугүй өнгөрдөг гэсэн.
Одоогоос 1-2 жилийн өмнө тус аймгийн Хотонт сумын малчин эр малыг нь хулгайлаад тууж явсан нэг нөхрийг барьж авчээ. Гэмт хэрэгтнийг ганц хоёр удаа дэлсэж, “Одоо чамайг цагдаад өгнө” хэмээн хээр хүлж орхин хэсгийн төлөөлөгчдөө мэдэгдэхээр явсан байна. Цагдаагийн ажилтныг дагуулан хулгайчийг хүлж орхисон газартаа иртэл, нөгөөх нь хүлгэндээ боогдоод амиа алдсан байжээ. Ингээд малчин эрд хүний амь бүрэлгэсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэнэ. Энэ хэрэг одоо болтол шийдвэрлэгдээгүй гэсэн. Архангай аймгийн Булган сумын нутагт өнгөрсөн наймдугаар сард хоёр малчин залуу адуугаа алдаж, малыг нь хулгайлсан гурван залуугийн хоёрыг нь барьж зоджээ. Малын хулгайч нарт нь аймгийн Цагдаагийн газраас арга хэмжээ авахаас өмнө адуугаа алдсан малчдад эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Дээрх хоёр малчны нэгийг нь В.Бат-Эрдэнэ, нөгөө нь О.БатЭрдэнэ гэдэг юм байна. Малын хулгайчийг нь зодож, бусдын биед гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон В.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Танд аймгийн Цагдаагийн газраас малаа хулгайд алдсаны хариуд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж нутгийн иргэдээс сонсоод уулзахаар ирлээ. Чухам юу болсон юм бэ?
-2011 оны наймдугаар сарын 15-нд би хосоор нь өсгөсөн, ижил зүсмийн долоон сайхан морио алдсан юм. Наадмаар хүмүүс ижил зүсмийн мориор гангардаг даа. Тийм л сайхан морьд. Манайх аймгийн төвөөс холгүй, Могойн голоор зусдаг. Тэнд морьд маань идээшилж байсан юм. Агтнуудаасаа хоёрыг нь хүнд худалдахаар болж, сонирхсон хүнд үзүүлээд, наймаа ч тохирсонгүй. Тэгээд бэлчээрт нь тавьсан. Гэтэл оройхон хэрд морьд маань байдаггүй. Тэрүүхэн хавьдаа бургасан дунд байгаа харагдсан. Гэтэл олддоггүй. Буруу гараар орлоо гэдгийг гадарлаад цагдаад мэдэгдсэн. Цагдаа нар нэг их ач холбогдол өгөөгүй. Хамт морио алдсан О.Бат-Эрдэнийн морьдоос нэг нь ч байдаггүй.
-Сэжигтэн ойр хавьд байсан гэсэн үг үү?
-Тийм ээ. Энэ хэрэгт холбогдуулж цагдаагийнхан одоо гурван хүнийг шалгаж байгаа. Тэдний нэг нь манай хөрш. Багадаа миний уясан морьдыг унаж, наадамд уралддаг хүүхэд байсан. Одоо 20 гарч яваа гурван залуу бий. Ер нь гурвуулаа л манай нутгийн хүүхэд л дээ.
-Та яагаад тэднийг сэжиглэх болов. Тэднийг зодож байхаар цагдаад барьж, өгч болоогүй юм уу?
-Тэр залуусыг сэжиглэж байгаагаа цагдаад хэлсэн л дээ. Гэвч цагдаа нар үйлдэл дээр нь бариагүй юм чинь гээд тоохгүй байсан. Тэгээд бид хоёр “Та нар арга хэмжээ авч өгөхгүй бол өөрсдөө сургаад өгье” гэж цагдаа нарт хэлсэн. Тэд үл ойшоож “Тэг тэг” гэсэн. Адуугаа алдсанаас хойш гурав хоногийн дараа буюу наймдугаар сарын 18- нд тэдэнтэй хээр таараад би ташуураар хоёр удаа цохитол нэг нь зугтаад явсан. Харин нөгөөх маань нэлээд зодсон юм байлгүй. Зодуулсан Болдбаяр гэх залуу нь аймгийн эмнэлэгт хэвтэж баахан эмчилгээ хийлгэсэн байсан. Эмчилгээтэй байх хугацаандаа аймгаас нэг ч удаа гараагүй мөртлөө Улаанбаатарт очиж, Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн мэтээр бичиг баримт бүрдүүлсэн байгаа юм. Дээгүүрээ танил талтай болоод тийм бичиг хийлгэсэн байхыг үгүйсгэхгүй. Миний ташуурдсан залуугийн нурууны хэсэгт ташуурын хоёр ором гарсан байсан.
-Дээгүүрээ танил талтайг нь та яаж мэдсэн юм бэ?
-Тэгж хэлж болохуйц зүйл намайг мөрдөн байцаагчид мэдүүлэг өгч байхад харагдсан. Надаас Баттогтох гэдэг мөрдөн байцаагч байцаалт авсан. Гэтэл түүний утас дуугарч “Мэдлээ ойлголоо” гээд байсан. Гэтэл хамт суудаг байцаагчдаа “Энэ муусайнуудаас болж дээрээс хүртэл дарамталчих юм аа” гэж ярилцаж байхыг нь сонссон. Хажуу дахь байцаагч нь “Хаанаас, хэн ярьж байгаа юм бэ” гэхэд “ЦЕГ-аас ярьж, зодуулсан хүүхдүүдийг асууж байна” гэсэн. Магадгүй бид хоёрт зодуулсан гээд байгаа залуусын нэгийнх төрөл төрөгсөд ЦЕГ-т байдаг бололтой. Тэгээд мөрдөн байцаагчид нөлөөлөх гэсэн байж болох юм гэж би хардаж байгаа.
-Одоо тэгээд та нарт холбогдох хэрэг ямар шатанд байгаа вэ. Сая аймгийн Цагдаагийн газрын зарим удирдлагатай уулзахад танай аав л нэлээд хөөцөлдөж яваа гэж байсан.
-Өндөр настай аав минь аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Р.Раднаадоржийн өрөөнд орж, “Малын хулгайчдаа арга хэмжээ ав, хохирол барагдуулж өг” гэж хэлсэн гэсэн. Хөгшин хүн хэчнээн удаан миний хойноос хөөцөлдөх вэ дээ. Хөл нь өвдөөд одоо хөдөө гэртээ байгаа. О.Бат-Эрдэнэ бид хоёрт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дууссан. Прокуро рын хяналтад шилжүүлж, аймгийн Прокуро рын газрын туслах прокурор Ш.Наранчимэг танилцаж байгаа. Удахгүй шүүхэд шилжих юм шиг байна лээ. Бидэнд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн хоёрт заасан бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалт явуулсан.
-Танай адууг хулгайлсан гэх гурван залууг сэжиглэх үндэслэл байсан юм уу. Та хоёр андуураад зодчихсон юм биш биз?
-Тэр гурав ер нь их “хөдөлгөөнтэй”. Айлын адуу хулгайлаад уулын модонд хэд хоногоор ч хамаагүй уяад орхичихдог. Модонд уяулсан морьд тухайн орчмынхоо газрыг элэгдтэл тойрч, мөр үлдээсэн байдаг юм. Бидний адууг ч тэгсэн бололтой. Тухайн үед шинэхэн мөр уулнаас олдсон. Үнэхээр харгис. Энэ хэрэг гарахаас өмнө би нэг удаа ууланд уяатай морь байхыг олсон. Тэгээд хэн ирж авахыг хүлээж хоёр хоног нойр хоолоо хасан байж манаж хоносон боловч намайг тэнд очсоныг мэдсэн бололтой нэг ч хүн ирээгүй. Өнгөрсөн өвөл шиг санаж байна. Хотонт сумын нутгаас айлын гадна байсан хэдэн адуу нь алга болсон юм билээ. Гэтэл цасан дээр гарсан мөрөөр нь хөөж явтал уг мөр нь манай адууг хулгайлсан гэх сэжигтнүүдийн нэгнийд хүрсэн байсан. Гэвч мэдэхгүй гээд амыг нь таглаад явуулсан байгаа юм. Харин дараа нь хадам аав нь сая үүгээр адуу сураглаж явсан хүмүүсийн хэлээд байсан зүсмийн адууны толгой манай хүргэний хойд талын амбаарт байх шиг байна гэж хүнд ярьсан байсан. Тэдний хийдэг үйлдэл нь сэжигтэй, тэгээд ч миний хоёр морины гүйж ирсэн зүгт байгаа ууланд очиж үзэхэд алдсан морьдын маань нэгнийх нь шийр олдсон.
Хууль хяналтын байгууллагын хүнд суртал, хуулийн цоорхой зэргээс болж малчид хэдэн жил хөдөлмөрлөж байж өсгөсөн малаа сүүлгүй чононд нэг шөнө л алдаж, аргаа барж суугаа. Төр нь хуулиараа малын хулгайчтай тэмцэхгүй байгаа тул малчид өөрсдөө ийнхүү “арга хэмжээ” авч хэрэгтний ширээнд суух болжээ.
Малын хулгайчийг цагдаа нар хүчрэхгүй байгаа, хуулиа чангатгахгүй бол “сүүлгүй чоно”-нууд малчдыг дээрэлхэж байгаа тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Архангай аймагт малын хулгайчдад арга хэмжээ авсан хоёр малчин цагдаа нарт урьдчилан анхааруулж байгаад тооцоо бодсон. Үүнийхээ хариуд хэрэгтний ширээнд суухад хүрээд байгаа В.Бат-Эрдэнийн яриаг өмнөх дугаарт уншигчдадаа хүргэсэн бол өнөөдөр О.БатЭрдэнэтэй ярилцсанаа толилуулж байна.
-Та хэчнээн адуугаа алдсан юм бэ?
-Наадамд уяж сойдог гурван адуугаа энэ оны наймдугаар сарын 15-нд хулгайд алдсан. Нэг нь таван сая төгрөгийн үнэтэй. Бид адуугаа гурав хоног хайсны эцэст хулгайч модон дотор аваачаад нядалж, толгой шийрийг нь хаячихсан байсныг олсон. Гэмт хэрэгтнүүд миний морьдын арьс махыг нь л аваад гэдэс дотрыг нь нядалсан газартаа орхисон байсан.
-Алдсан адууг чинь нядлаад гэдэс дотор, толгой шийрийг нь үлдээсэн байсныг цагдаа нарт хэлсэн биз дээ?
-Хэлээд, хэргийн газрын үзлэг хийлгэсэн. Сэжиглэж байгаа хүмүүсээ ч хэлсэн. Гэвч цагдаагийнхан арга хэмжээ авч өгөлгүй, эзэн холбогдогч нь тодорхойгүй хэрэг гээд үл ойшоосон л доо. Бид хэдэн малаа нойр хоолоо хасан, хөлс, хөдөлмөрөө шингээж, халуунд халж, хүйтэнд хөрч, жилийн дөрвөн улирлын турш адгуулж байж л өсгөдөг. Гэтэл орчин цагийн, хаяагаа хадардаг хулгайч нар хэдэн халтар төгрөг олох гэж хүний олон жилийн хөдөлмөрийг хэдхэн хормын дотор үгүй хийж байна. Ашиг олох ч гэж дээ. Буруу гараар олсон мөнгө яаж юм болох вэ дээ. Хулгайлсныг нь мэдээд, хулгайчийг нь зааж өгөөд байхад цагдаагийн ажилтнууд арга хэмжээ авахгүй байгаад олон малчин бухимдаж байгаа. Малаа алдсан олон хүн цагдаагийн байгууллагад өргөдөл гаргадаг. Нэг нь ч шийдвэрлэгдэхгүй, эзэн холбогдогч нь олддоггүй. Малын хулгайчтай тэмцэж, тэдэнд тооцох хариуцлагыг чангатгахг үй бол алийн болгон хүч хөдөлмөрөө хулгай луулчихаад хараад сууж байх вэ дээ.
-“Сөдөг” хочтой Пүрэвдорж, Энхтүвшин болон Болдбаяр нар хулгайлсан гэдгийг цагдаад удаа дараа мэдэгдэж байсан гэж таны амидаа ярьж байсан.
-Тэгсэн. Гэвч цагдаагийнхан тэднийг хулгайлан нядалж байгааг харсан гурваас доошгүй гэрчтэй байж, эрүү- гийн хэрэг үүсгэж шалгана гэдэг. Цагдаа нарын буруу ч бий байх. Үүнээс гадна хуулийн цоорхой байгаа. Хулгайч нар гурвын гурван гэрч харж байхад айлын мал хулгайлан, нядлаад ачиж явахгүй нь ойлгомжтой. Өмнө нь ч ойр хавийн айлуудын малыг хулгайлж, уулын модонд уяж байгаад харангадуулж алсан тохиолдол гарч байсан. Гэвч удаа дараа өргөдөл өгөөд байтал цагдаагийн байгууллагын ажилтнууд арга хэмжээ авахгүй л байна.
-Тэднийг зодсоноороо буруутгагдаж байгаа. Харин тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна уу?
-Цагдаа нар арга хэмжээ авахгүй болохоор нь бид хувийн тооцоо бодсон. Хуулийн байгууллагынхан ийм тодорхой хэргийг шалгахгүй өөгшүүлээд байхад өөрсдөө хариуцлага тооцож, хэргийг нь хүлээлгэчихье гээд цагдаа нарт хэлээд тэдэнд гар хүрсэн. Би “Сөдөг”-ийг булчин руу нь 2-3 удаа цохисон. Гэтэл тэр эмнэлэгт хэвтэж, хот руу эмчилгээнд явна гэх мэтээр их баашилсан. Бид ноцтой гэмтээчихээр зодоогүй юм шүү дээ, уг нь. Нэг нь бүр зугтаад явчихсан. Тэдэнд гар хүрсэн нь бидний буруу.
-Тэдэнд гар хүрэхэд хэргээ хүлээсэн үү?
-Хүлээх ч юу байх вэ. Яг хэн нь хэрэг хийснээ хэлэлгүй, нэг нь нөгөө рүүгээ чихээд өнгөрч байгаа юм. Бие биенийгээ барьж өгч байгаагаар тэд хулгайлсан гэдэг нь батлагдаж байна гэж үзэж болно. Бид хоёрыг тайлбар мэдүүлэг авах нэрээр өдөр болгон л дууддаг. Гэтэл энэ хугацаанд “Сөдөг”, Болдбаяр, Энхтүвшин нар цагдаад 1-2 удаа л мэдүүлэг өгч харагдсан. В.Бат-Эрдэнэ бид хоёр наймдугаар сарын 19-нөөс хойш өдөр бүр цагдаагийн үүд сахиж өнждөг. Өнөөдөр ч гэсэн хөдөө гэрээсээ мотоциклиор халтиргаатай замаар салхи сөрөөд ирэхэд хэцүү л байна. Өглөө эрт гардаг болохоор жавар арилаагүй, нүүр ам хөлдчих гээд байна шүү. Аргаа ядаад “Ирэх цагийг маань хойшлуулж, өглөөний жавар арилсан хойно дуудаж байгаач” гэж мөрдөн байцаагчдаа хэлсэн. Хэн нь бүтэн гурван сарын хугацаанд 1-2 удаа л мэдүүлэг өгдөг, хэн нь өдөр болгон “чулуу нясалж” суудаг байна аа. Алдсан хүн арван тамтай гэдэг л болоод байна. Бүлэглэн хүн зодож, хөнгөн гэмтэл учруулсан гэж байгаа. Гэхдээ ял нь хөнгөн гэж байцаагч, прокурор хэлж байна. Тэдний нэг нь танил тал, ар өврийн хаалгатай юм шиг байна билээ.
-Мөрдөн байцаагч руу ЦЕГ-аас нэг хүн ярьж үүрэг өгснийг та хэлээд байна уу?
-Тийм. Өрөөнд нь сууж байхад ЦЕГ-аас нэг албан тушаалтан ярьсан. Түүнээс болж байцаагч маань бухимдаж байсан удаатай. Ер нь малын хулгайч нар цагдаагийн зарим алба хаагчийн өвлийн ид шийг даадаг, ашиг орлогоосоо хуваадаг, цагдаа нар нь аян явагдахаар нөгөөдүүл дээ мэдээлэл дамжуулж, тэр үед нь хэрэг хийлгэдэггүй гэсэн мэдээлэл байдаг юм. Ер нь малын хулгайч, ченжүүдийн маш том сүлжээ хаа сайгүй байна. Даанч цагдаа нар тэднийг илрүүлж, хариуцлага тооцох хүсэл зориг байдаггүй бололтой. Миний олж сонссоноор ченжүүд хулгайч нартай тохиролцож, малыг хотноос нь нэлээд зайтай газарт туулгаж, аваачсан газартаа хөлсийг нь тоолж өгөөд, нядлуулж ачаад явдаг сүлжээ байдаг гэсэн. Малын хулгайч, ченжүүдтэй холбоотой хэргийг Эрүүгийн хуульд байгаа хулгайн зүйл ангиас тусдаа зүйлчлэл хуульд тусгаж, модны хулгайч нарын автомашиныг хурааж улсын орлого болгодогтой адил хатуухан хариуцлага тооцохгүй бол бид сүүлтэй, “сүүлгүй” чонын хохирогч болоод малаа бүгдийг нь алдахад ойрхон байна гэв.
Малчид үнэхээр арга нь барагдсандаа л ийнхүү өөрсдөө арга хэмжээ авч, эцэст нь хэрэгтний ширээнд суухад тулаад байна. Бидэнд олдсон мэдээллээр В.Бат-Эрдэнэ, О.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийг Архангай аймгийн Сум дундын шүүх 1-2 долоо хоногийн дараа хэлэлцэх товоо гаргах гэнэ. Хулгайчид нь арга хэмжээ авч чадаагүй байж, амь зуулгын хэдэн малаа алдсан малчдад Эрүүгийн хуулийн хариуцлага нэрмээс болох нь ойлгомжтой. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг шиг сэжигтнүүд малыг нь хулгайлаагүй бол хоёр малчин залуу юу гэж тэдэнд гар хүрэх вэ дээ.
ХУЛГАЙЛСАНД НЬ Ч, ЗОДСОНД НЬ Ч ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭСЭН
Малын хулгайч, хулгайчтай хувийн тооцоо хийсэн малчдын хэргийн талаар Архангай аймгийн Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, ахмад Б.Баасанжаргалаас тодрууллаа.
-Танай аймагт малын хулгайн хэрэг багагүй гарч байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ төрлийн хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч.
-Аймгийн хэмжээнд энэ оны эхний арван сарын байдлаар 342 гэмт хэрэг гарсан байгаа. Хулгайлах гэмт хэргийн 44.1 хувийг малын хулгай эзэлж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад малын хулгайн гэмт хэрэг 21.2 хувиар буурсан. Илрүүлэлт 78.9 хувьтай байна. ЦЕГ-аас малын хулгайн болон байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр “Хяналт” нэгдсэн арга хэмжээ явуулж, энэ ажлын хүрээнд бид 24 цагийн эргүүл гаргаж ажилласнаар гэмт хэргийн гаралт багасаж байна. Улаанбаатар руу гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах авч явах нь багассан. Мөн энэ хүрээнд зургаан адуу төхөөрч, Улаанбаатар руу ачиж явсан хүмүүсийг Өгийнуур дахь цагдаагийн эргүүлүүд илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ он гарсаар 32 холбогдогчтой 22.9 сая төгрөгийн хохиролтой, 23 хэргийг илрүүлэн шалгаж байна.
-Малын хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийг зодсон хоёр малчинд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Хоёр малчин залуу та нарт малаа алдсан талаараа удаа дараа хэлсэн ч арга хэмжээ аваагүй гэж ярьж байх юм.
-Малыг нь хулгайлсан гэх хэрэгт сэжиглэж байгаа гурван хүнийг зодсон хэрэг гарсан. Өнөөдрийн байдлаар сэжигтнийг зодсон хоёр залууд, мөн мал хулгайлсан гэх сэжигтэн залууст ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Сэжигтэн этгээдүүдийг зодсон хоёр залуугийн хэргийн мөрдөн байцаалт бараг дуусаж, прокурорын хяналтад шилжүүлж байгаа. Сэжиглэж байгаа хүмүүсээ зодно гэдэг буруу л даа. Сэжиглэж буй үндэслэлээ бидэнд баримттай нь гаргаж өгөөд шалгуулах учиртай.
-Танайд удаа дараа өргөдөл өгөөд арга хэмжээ авахгүй болохоор нь ийнхүү өөрсдөө хувийн тооцоо бодсон гэж байгаа шүү дээ.
-Ер нь холоос давхиж ирээд хулгай хийдэг явдал ховор. Хүн бүлгүй, эзгүй сиймхийг харж байгаад сум сумандаа хулгай хийн хаяагаа хадардаг хүмүүс байдаг. Бат-Эрдэнэ нар хулгайлсан байх гэж хардсан хүнээ бидэнд хэлж байсан. Сэжиглэж буй хүн бүрийг бид барьж хорино гэдэг хүний эрх зөрчсөн асуудал болно шүү дээ. Энэ дашрамд хэлэхэд малчид мал хулгайлах гэмт хэрэгт оноож буй ялын зүйлчлэлийг тусад нь гаргаж чангалах талаар ярьдаг. Цагдаагийн болон холбогдох дээд шатны байгууллагаас ч ийм санал гардаг. Уг нь энэ төрлийн хэрэгт оноож буй ялын бодлогыг чангалах хэрэгтэй гэж би боддог. Гэвч дэмжигддэггүй юм билээ.
Малчдын хардаж буй хүнийг бид эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, сүр дуулиантай баривчлаад аймагт авчирдаг. Гэвч шүүх, прокурорын шатнаас тэдгээр хүмүүс нь хохирогчтой эвлэрсэн ч гэдэг юм уу, хохирол барагдуулсан гээд баривчлах, тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж суллагдаад нутагтаа очдог. Тэгтэл муу нэрийг нь цагдаа л үүрч үлддэг. Малчид “Цагдаагийнхан сүр дуулиантай бариад явсан. Авлига аваад, өвлийн идшээ даалгаад суллаад явуулсан байх шив дээ” гэж ярьдаг. Уг нь цагдаагийн байгууллага тухайн хүний гэм буруутайг нотлох баримт л цуглуулдаг байгууллага шүү дээ.
Малчид маань малаа алдахаасаа өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна. Манай зарим суманд малчид хэсэг бүлгээрээ нийлж, ээлжлэн малаа манаж хонодог болсон. Ингэснээр хулгайд өртөхгүй байх сайн тал ажиглагдаж байна гэлээ.
Цагдаагийн байгууллагын ажилтан дээрх хэрэгт ийм тайлбар өгсөн юм. Харин аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Ц.Амгаланбаатар “Малчин залуус малаа алдчихаад сэжигтнүүдээ зодсон нь буруу гэдгийг би тэр хоёр малчинд хэлсэн. Сэжигтэн гурван залуугийн гэм буруутай үйлдэл мөрдөн байцаалтаар тогтоогдож байгаа” гэхээс илүү зүйл ярихыг хүссэнгүй.