Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаатай ярилцлаа. Тус холбооныхон эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн талаар судалж, салбарын яам, холбогдох газруудад дуу хоолойгоо хүргэсээр ирсэн билээ.
-Монгол эмэгтэйчүүд хөдөлмөрлөх эрхээ эдэлж чадаж байна уу?
-Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй асуудлуудыг ерөнхийд нь хоёр ангилж болно. Нэгдүгээрт, эмэгтэйчүүд ажил хийдэг атлаа хөдөлмөрөө зөв зохистой үнэлүүлэх эрхээ эдэлж чадахгүй байна. Ажил хийж байгаа хэрнээ хөдөлмөр нь зөв үнэлэгддэггүй, амьжиргаанд хүрэлцэхээр хангалттай мөнгө авдаггүй гэсэн үг. Ерөөсөө л эмэгтэй хүн болж төрснөөрөө ажлын байрны ялгаварлан гадуурхалтад өртдөг. Жишээ нь, ажил дээрээ бага насны хүүхдээ дагуулж очлоо гэж гадуурхагддаг. Цаашлаад ажлын байрандаа бэлгийн дарамтад өртдөг. Хоёрдугаарт, тэдний хөдөлмөр үнэгүйдчихсэн. Цалин хөлс авдаггүй ажлыг голдуу эмэгтэйчүүд хийж байна. Жишээ нь, гэртээ хүүхдээ харж байгаа, ахмад настан асардаг хүмүүсийг үүнд хамруулж болно. Тэд өөрсдийгөө ажилгүй гэж ойлгодог. Бусад хүн ч ийм байдлаар ханддаг. Гэтэл тэдгээр эмэгтэй гараа хумхиад зүгээр суудаггүй, бодит байдалд цаг наргүй л ажилладаг шүү дээ. Тэгэхээр эндээс дүгнэж хэлэхэд, эмэгтэйчүүд бүгд ажил хөдөлмөр хийж байна. Харамсалтай нь, тэр нь бодитоор үнэлэгддэггүй, цалин хөлс авдаггүй, улмаар хөдөлмөрлөх эрх нь хангагдахгүй байна гэсэн үг.
-Уг нь манай улсын эмэгтэйчүүдийн боловсролын түвшин өндөр. Гэтэл хөдөлмөр эрхлэлтийн түвшин нь эрэгтэйчүүдийнхээс бага байдаг.
-Эмэгтэйчүүдийн боловсролын түвшин эрэгтэйчүүдээс илүү сайн. Их, дээд сургууль төгс¬сөн хүмүүсийн олонх нь эмэгтэйчүүд. МСҮТийг болохоор голчлон эрэгтэйчүүд л төгсөж байна. Эсрэгээрээ эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин эрэгтэйчүүдийнхээс 14 хувиар бага. Энэ үзүүлэлт 10 орчим жилийн өмнө 10 хувьтай байлаа. Гэтэл сүүлийн гурван жилд 14 хувь болж нэмэгдсэн.
-Олон улсад эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийг хэрхэн хангадаг вэ. Манайд хэрэгжүүлж болохоор жишээ, туршлагаас дурдаж болох уу?
-Өндөр хөгжилтэй зарим оронд ар гэрийн хөдөлмөрийг үнэлдэг. Ингэхдээ ДНБ-ий тодорхой хувийг эмэгтэйчүүд, ахмадуудад зарцуулдаг юм байна. Энэ мэтээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг жишээ олон.
-Жишээ нь, амаржаад удаагүй, гэртээ хүүхдээ асарч байгаа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг Монголын нөхцөлд тулгуурлан хэрхэн шийдэх нь зүйтэй вэ?
-Зайны ажил, цагийн ажил хийх боломжтой, ийм эрх зүйн зохицуулалт манайд бий. Хөдөлмөрийн тухай хуульд ийм заалтуудыг тусгасан байдаг. Тэдгээрийгээ л бодитоор хэрэгжүүлэх нь чухал байна. Харамсалтай нь, хуулийн заалтууд манайд төдийлөн хэрэгждэггүй.
-Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд хөдөлмөрлөх эрхээ эдэлж чадахгүй байгаа талаар ярьдаг. Энэ чиглэлээр манайд хийсэн судалгаа бий юү?
-“Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгээр Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооныхонтой хамтран бага насны хүүхэдтэй болон хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн судалгаа хийж байлаа. Судалгааны хүрээнд үндсэн гурван асуулт тавьсан юм. Нэн тэргүүнд “Та яагаад ажил хиймээр байгаа юм бэ” гэж асуухад “Гэр бүлдээ хувь нэмэр оруулмаар байна. Өөрийн гэсэн орлоготой болох хүсэлтэй. Нийгмийн амьдралд оролцож, өөрийгөө илэрхийлье” гэх зэргээр хариулж байв. Энэ мэт эрэлт хэрэгцээнд тулгуурлан дэмжлэгийн арга хэмжээг төр, засгаас зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатайг судалгааны үр дүн харуулсан.
-Эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэхэд тулгардаг бэрхшээлүүдийн нэг нь ажлын байрны бэлгийн дарамт. Эл асуудлыг хэрхэн таслан зогсоох вэ?
-Олонх эмэгтэй зөвхөн оффис, үйлдвэрээ ажлын байр гэж боддог. Ажлын байр гэдэгт ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн орчин ч хамаарна. Таныг томилолтоор явуулж, очсон газар ч ажлын байр болдгийг ойлгох нь зүйтэй. Түүнчлэн зарим улсад ажлын байрны бэлгийн дарамтыг эрүүгийн хэрэгт тооцдог. Өөрөөр хэлбэл, жендерт суурилсан гэмт хэрэг гэж үздэг, тэр хэрээр хүлээлгэх хариуцлага ч хатуу. 2016 онд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцохоор хэлэлцэж байлаа. Гэсэн ч уг заалтаа хассан. Өдгөө Хөдөлмөрийн тухай болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох зохицуулалттай. Ажлын байрны бэлгийн дарамт маш их уршигтайг олон судалгааны дүн харуулдаг. Ийм дарамтад өртсөн эмэгтэй амиа хорлохыг завдсан тохиолдол ч бий. Өөрөөр хэлбэл, хувь хүний амьдралд нөхөж баршгүй хохирол учруулдаг учраас гадаадын жишигтэй адил Эрүүгийн хуульд тусгах ёстой.
-Танай холбооноос дээрх асуудлуудаар холбогдох байгууллагуудад хандаж байв уу?
-Бид 2014 онд эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр судалгаа хийж, төрийн байгууллагуудад танилцуулж байлаа. Гэтэл “Юу ярьж байна аа, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй зэрэгцээд ажиллах эрх нь бий” гээд тоогоогүй. Малчин, гар дээрээс худалдаа эрхэлдэг, хогийн цэгт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх хэрхэн үнэгүйдсэнийг уг судалгаагаар гаргаж байв. Цаашлаад эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийг хангах чиглэлээр гаргасан төр, засгийн бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлж байгаа, эсэхийг судалж, үр дүнг нь УИХ, Засгийн газар, ХНХЯ-нд хүргүүлж байв. Гэтэл НҮБ-ын Хүний эрхийн хороонд тайлан явуулах төдийд л судалгааны дүнг ашиглаж ирсэн. Харин өнгөрсөн онд Засгийн газар анх удаа Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих хөтөлбөр баталсан юм.
-ХНХЯ-наас Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үр дүнг нь та хэрхэн үнэлэх вэ?
-Хөтөлбөрийн хэрэгжилт маш муу гэж хэлнэ. Тухайн хөтөлбөрөөр эмэгтэйчүүдээ хэрхэн дэмжих нь ойлгомжгүй. Тухайлбал, хүүхэд харах үйлчилгээнд 10 сая төгрөг зарцуулна гэж тусгасан. Үүнийгээ хэрхэн зохион байгуулж, дэмжлэг үзүүлэх нь тодорхойгүй. Түүнчлэн хөдөөний, ялангуяа говийн бүс, уул уурхайн дагасан аймгийн эмэгтэйчүүдэд ямар үйлчилгээ хэрэгцээтэйг судлаагүй байх жишээтэй. Түүнчлэн хотын төв, захын хорооллын эмэгтэйчүүдэд юу хэрэгтэй вэ гэх мэтээр зорилтот бүлэг бүрийн онцлогийг ялгаж салгаж хараагүй байна.
-Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр эздэдээ хүрэхгүй байна гэж ойлгож болох уу?
-Ялангуяа орон нутгийнхан Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр эздэдээ хүрдэггүй, зөвхөн танил талдаа л дэмжлэг олгож байна гэх болсон. Энэ мэт асуудал их бий. Тиймээс дээрх хөтөлбөр яагаад эздэдээ хүрээгүйг бид судлахаар болсон. Судалгааны дүн ирэх тавдугаар сард гарах болов уу.
-Ямар зохицуулалт, судалгаа хийвэл уг хөтөлбөрийг үр дүнд хүргэх боломжтой талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээсээ өмнө хот, хөдөөний ялгаатай талыг олж харах ёстой. Цалин нь амьдралд хүрэлцэхгүй учраас ажил хийснээс гэртээ хүүхдээ хараад суусан нь дээр гэж шийддэг эмэгтэй олон бий. Түүнчлэн хүүхэд харах найдвартай үйлчилгээ шаардлагатай гэж эмэгтэйчүүд хэлдэг. Өмнө нь манайд ясли ажилласнаар эмэгтэйчүүдэд хүүхдэдээ санаа зовох зүйлгүйгээр ажиллах боломж олгодог байв.
-Шүүмжлэлтэй талаас нь нэлээд ярилаа. Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжсэн сайн жишиг манайд бий юү?
-“Монос”, CU, АПУ компанийн үйл ажиллагааг дурдаж болно. Цар тахлын үед АПУ компани ажлын байрны тодорхойлолтоо өөрчлөөд, 2-3 цагаар ажиллуулах зар тараасан нь эмэгтэйчүүдэд томоохон дэмжлэг болж байв. Манай төрийн бодлого, тухайлбал, Хөдөлмөрийн тухай хууль нь ажил олгогчдыг дэмжээд байгаа мэт агуулгатай. Гэтэл татварын орчин нь тааруу. Тиймээс цагаар, гэрээгээр, зайнаас ажиллаж байгаа хүнээс нийгмийн даатгалын шимтгэл авдгаа болиулах ёстой. Ингэж байж дээрх дурдсан шиг хөдөлмөрийн таатай орчин бүрдэнэ.