УИХ-аас байгуулсан, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат гурав дахь өдрөө үргэлжлэв. Өчигдрийн сонсголд арилжааны банкуудаар дамжуулан олгосон таван багц зээлийн талаар хэлэлцэж, холбогдох 21 гэрчийг дууджээ. Гэхдээ ирээгүй гэрч цөөнгүй. Тухайлбал, “Таван богд трейд” ХХК-ийн захирал Ц.Баатарсайханыг дуудсан ч “гадаад явсан” гэх шалтгаанаар ирээгүйг зохион байгуулагчид хэлэв. Тус компанийн Санхүү эрхэлсэн албаны дарга Б.Энхмандах, Хуулийн хэлтсийн дарга Ц.Цас¬ чихэр нар түүнийг төлөөлөн оролцох байсан ч ирсэнгүй. Үүнд,
1. Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгох хөнгөлөлттэй зээл
2. Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай олгосон “Ноолуур” хөтөлбөр (2018 он)
3. Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай олгосон “Ноолуур” хөтөлбөр (2019 он)
4. Ноолуурын салбарыг дэмжих хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл “Ноолуур” хөтөлбөр (2020 он, “Ковид-19”-ийн үеийн хөнгөлөлттэй нөхцөлтэй)
5. “Экзим 300”-Үйлдвэрлэлийн чиглэлийн экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл багтаж буй. Эдгээр зээл, төслийн хүрээнд найман банкаар дамжуулан 89 зээлд 274 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Үүнээс зургаан зээлдэгч 8.8 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй байгаа аж. Тухайлбал, “Говь” компани “Дулаан гэр” ХХК-тай хамтран “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд таван удаа нийт 31.2, Хөгжлийн банкнаас шууд зээлээр 161.3 тэрбум төгрөгийн зээл ав¬ чээ. “Говь” ХК-ийн хувьцааны 50.1 хувийг “Таван богд трейд” ХХК эзэмшдэг бөгөөд эцсийн өмчлөгч нь Ц.Баатарсайхан юм байна. “Говь” компани дамжуулан зээлийн 17.6 тэрбум төгрөгөөр “Таван богд трейд”, “Таванбогд фүүдс пицца” ХХК-ийн зээлийг төлснийг шинжээч дурдсан юм. Мөн 2015 онд олгосон ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгох хөнгөлөлттэй зээлийн найман тэрбум төгрөгийг хадгаламждаа байршуулсан байна. Тус зээлийг зөвхөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх зориулалтаар олгосон бөгөөд нийт санхүүжилтийн гуравны нэгийг нь тус компанид өгсөн аж.