Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Шүүр”, “Шилжүүлэн авах ажиллагаа”-ны хэрэгжилтийг хариуцан зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан, “Шил” ажиллагааг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгалаа. Авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааг эрчимжүүлж, Засгийн газрын хуралдаанд сар бүр танилцуулж байхыг ажлын хэсгийнхэнд Ерөнхий сайд үүрэг болгов. Энэ талаар сайд Д.Амарбаясгалан, Н.Учрал нар мэдээлэл хийсэн юм. Засгийн газрын зардал улсын нэгдсэн төсвийн 37 хувийг эзэлж байна. Үүнийг 30 хувь хүртэл бууруулахаа сайд Д.Амарбаясгалан онцолсон. Ингэхдээ төрийн албыг цомхон болгох ажлыг 2024 оноос үе шаттай хэрэгжүүлж, төрийн албан хаагчдын нийт ажиллах хүчинд эзлэх хувийг 15-д хүргэх гэнэ. Одоогоор эл үзүүлэлт 18 хувьтай байгаа аж. Мөн гэр бү¬ лийн хүчирхийллийн улмаас хүүхэд хохирч, эрх нь зөрчигдөж буй тохиолдлуудтай холбогдуулан хууль, эрх зүйн орчныг нь сайжруулах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь чиг үүргээ хэрэгжүүлж чадаж буй, эсэхийг тогтоохыг Ерөнхий сайдаас үүрэг болгосныг тэрбээр дуулгав. Харин бүх төрлийн зөвшөөрөл авах үйл ажиллагааг шилэн болгож, цахим хэлбэрт шилжүү¬ лэхээ сайд Н.Учрал тодотгосон юм. Үүний тулд нэр бүхий 139 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, холбогдох бичиг баримтыг заавал бичгээр шаардахаар тусгасан зохицуулалтыг уян хатан байхаар тусгана гэв. Тус хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны журам, Хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээний жагсаалт, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын загварыг баталжээ.