УИХ-ын хаврын ээлжит чуулганыг өчигдөр 65.8 хувийн ирцтэйгээр эхлүүллээ. Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс оролцсон юм. УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, үг хэлэхдээ тус чуулганаар эрх зүйн шинэчлэлийн гурван чиглэлээр 10 багц хуулийг хэлэлцэхээр төлөвлөснийг онцлов. УИХ-ын дарга үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлснээр нээлтийн ажиллагаа өндөрлөсөн. Харин үргэлжлүүлэн ҮАБЗ-ийн мэдээллийг гишүүд хаалттай сонссон юм. Хаалттай мэдээлэл нь цаг үеийн асуудлуудтай холбоотой байсан аж. Тус мэдээллийг сонсоход Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байлцжээ. Энэ өдөр АН-ын бүлгийнхэн хуралдсан ч мэдээлэл хийсэнгүй. Мөн Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай болон дагалдан гарсан хуулиудад бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, хүлээн авах нь зүйтэй гэдэгт оролцсон бүх гишүүн санал нэгдэв. Гишүүдийн зүгээс асуулт тавьсангүй. Харин гишүүн Ц.Сандаг-Очир хоригийн агуулга нь хуулийн төслийг баталсан үйл явцтай холбоотойгоос бус, зохицуулалт, заалтаас нь үүдээгүйг анхаарах ёстойг хэлж байлаа. Түүнчлэн тэрбээр хоригт дурдсан нөхцөлүүдийг засаад, дахин өргөн мэдүүлэх нь зүйтэй гэв. Үүнээс гадна Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар зөвлөлдөх санал асуулгын үр дүнгийн талаар мэдээлэл сонсжээ.