Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг гуравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, бусад газар зорчихыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Түүний гэм бурууг шүүх хурал гуравдугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт товлосон боловч шүүгдэгч Д.Мөнх-Эрдэний өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан.
Нийслэлийн прокурорын газраас Монгол улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн.
Мөн Монгол Улсын Их хурлын Тамгын газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Э, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б, Богдхант Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан П нарт албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.