Цахим гадаад паспорт олгох үйл ажиллагааны нээлтийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цахим гадаад паспортын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) нийтийн түлхүүрийн санд нэгдэж 82 дахь гишүүн орон боллоо. Өнөөдрөөс цахим гадаад паспорт олгох ажил албан ёсоор эхэлж байна. Цахим үндэстэн болох хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа хамгийн том ажил бол энгийн гадаад паспортыг цахим, чиптэй болгож шилжилт хийж буй энэ ажил юм. Зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсын иргэд хилийн шалган нэвтрүүлэх боомтоор ямар нэгэн хүнтэй харьцахгүй цахим паспортаар уншуулаад хилээр нэвтрэх боломж нээгдэж байна.
Шинэ паспорт 48 хуудастай. Хуудас нь төрийн тахилгат уул, улаан номд орсон амьтдын зурагтай. Нууцлалын бүх шаардлагыг хангасан тул зураг солих, нэр хуурамчаар үйлдэх зэрэг ямар ч боломжгүй. Паспортыг хэвлэх үйл ажиллагааг монголчууд өөрсдөө хийсэн. Өнөөдөр улсын бүртгэлийн бүх байгууллагууд дээр нэгэн зэрэг тараагдаж эхэлж байна. Өмнөх гадаад паспорт хүчинтэй хэвээр. Цаашид төрийн үйлчилгээг цахимжуулах олон ажлууд хийгдэнэ. Улсын хилийг хамгаалах байгууллагууд болон 37 боомтоос эхний ээлжинд 3 боомтыг энэхүү паспортоор нэвтэрдэг болгоно” гэлээ.