Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2 дахь заалтын дагуу олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглосны улмаас төрийн албан хаагчдаас шалгалт авалгүйгээр шууд томилж байсан. Харин уг хуулийг хэрэгжүүлэх хугацаа дууссантай холбоотойгоор өдгөө төрийн бүх байгууллага, яам, Тамгын газрын зарим албан хаагчид “Дээрх хуулийн 3.2 заалтын дагуу та томилогджээ. Төрийн албаны тухай хуулийн дагуу ийм шалгуур, шаардлага хангасан байх ёстой албан тушаал байна. Тиймээс нэг сарын хугацаанд холбогдох зөрчлөө арилгана уу. Энэ мэдэгдлийг Төрийн албаны зөвлөлийн 411 дүгээр тогтоолын дагуу хүргүүлж байна” гэсэн утгатай албан бичиг өгчээ. Үүний дагуу хэдэн хүнийг ажлаас чөлөөлсөн, улмаар сонгон шалгаруулалтыг хэдийд зохион байгуулах талаар Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга Г.Билгүүнээс тодрууллаа.
-Төрийн байгууллагуудаар бөөн л бужигнаан байна. Мэдэгдэх хуудас авсан хүмүүс ажлаасаа шууд чөлөөлөгдөх үү?
-“Ковид”-ын хуулийн 3.2 дахь заалтыг үндэслэж төрийн албанд цөөнгүй хүнийг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон. Ингэхдээ Төрийн албаны тухай хууль, бусад дүрэм, журамд заасан шаардлага хангасан хүнийг томилох ёстой. Өөр өөр хэлбэл, та эрхэлсэн түшмэл болмоор байвал төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх ёстой. Гэтэл үүнийг зөрчиж, томилгоо хийсэн тохиолдлууд бий. Шалгалт л аваагүй болохоос биш, төрийн албанд ажиллах шаардлагууд нь хэвээрээ. Гэтэл төрийн албанд нэг ч сар ажиллаж байгаагүй хүнийг шууд хэлтсийн дарга болгосон жишээ ч бий. Дэс түшмэл, мэргэжилтэн хийж байсан хүн агентлагийн дарга болох боломжгүй. Тиймээс тухайн үед шууд томилогдсон албан тушаалаа үргэлжлүүлэн хашмаар байвал шалгалт өгөөд, хамгийн өндөр оноог ав гэсэн шаардлага тавьж байгаа.
-Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс бүгд төрийн албаны тусгай шалгалт өгөх ёстой гэсэн үг үү?
-Төрийн байгууллагуудад “Ковид”-ын хуулийн дагуу томилогдсон хүмүүсийг ажлаас нь чөлөөл, нээлттэй сонгон шалгаруулалт зарла л гэсэн шаардлага тавьж байгаа . Он гарсны дараа нэлээд хэдэн агентлагийндарга, Төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлж, өдгөө сонгон шалгаруулалт зарлахыг хүлээж байна. Нээлттэй ажлын байр гарч байгаа учраас төрийн албанд ажиллахыг хүссэн, шаардлага хангасан хүн бүр сонгон шалгаруулалтад оролцох боломжтой . Тэднээс хамгийн өндөр оноо авсан хүнийг л томилно.
-Одоогоор хэдэн хүнийг ажлаас чөлөөлсөн бол?
-Энэ оны нэгдүгээр сараас ажлаас нь чөлөөлж эхэлсэн. Одоогоор нийт хэдэн хүнийг ажлаас чөлөөлсөн, сул орон тоо хэд гарсныг удахгүй олон нийтэд нээлттэй зарлана.
Бэлтгэсэн Ю.Төгсжаргал