Санхүүгийн зохицуулах хорооны өчигдрийн хурлаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл, үйл ажиллагааны”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бүртгэлийн дэвтэр хөтлөх, тайлан мэдээ ирүүлэх” зэрэг таван журам баталсныг мэдээллээ. Мөн мөнгөн зээлийн үйл ажиллагаа буюу ломбард эрхлэгчдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс хамаарч аймаг, нийслэлийн Засаг дарга, СЗХ-нд бүртгүүлэхэд тавигдах шаардлага, бүртгэх болон бүртгэхээс татгалзах үндэслэл зэргийг нарийвчлан тусгасан байна.
Түүнчлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд ломбард эрхлэх этгээд нь хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүслийг тодорхойлох, хувьцаа эзэмшигч, мөнгөн хөрөнгөд өөрчлөлт оруулах, гүйцэтгэх удирдлага, оноосон нэр, хаяг байршил өөрчлөх бүрт холбогдох байгууллагад бүртгүүлж байхаар заажээ.
Дээрх хурлаар мөн нэг хувьцаат компанийн оноосон нэрийг солихтой холбоотойгоор үнэт цаасны бүртгэлд нь өөрчлөлт оруулж, хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагчийн хоёр зөвшөөрлийг сунгажээ. Түүнчлэн хоёр компанид даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгон, нэг компанийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, банк бус санхүүгийн таван байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэсэн аж.