“Оюутолгой” төслийн үр өгөөж болон гүний уурхайн олборлолтын талаар “Рио тинто Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргалтай ярилцлаа.
-Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг Засгийн газартай тохирсон хугацаанаасаа өмнө эхлүүллээ. Үүний тулд хөрөнгө оруулагч талын зүгээс ямар хүчин чармайлт гаргасан бэ?
-Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Оюутолгой”-н хөрөнгө оруулагчид Засгийн газартай томоохон хэмжээний хэлэлцээ хийж, хоёр талаасаа тохиролцсон асуудлуудаа шийдсэн. Үүний үр дүнд гүний уурхайн бүтээн байгуулалтын undercut буюу огтлох малтлагын үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Энэ нь Монгол Улсын түүхэнд төдийгүй дэлхийн зэсийн салбарт тэмдэглэхүйц томоохон үйл явдал болсон. Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон “Рио тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм оролцсон. Тухайн үед бид “2023 оны эхний хагастаа амжаад Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлнэ” хэмээн зорилт дэвшүүлж, үүнийгээ зарлаж байсан бол өдгөө энэ хугацааг гурван сараар урагшлуулж, гуравдугаар сарын дундуур үйлдвэрлэлээ эхлүүлэхээр бэлтгэлээ базааж байна. Энэ бол “Оюутолгой” төслийн хувьд түүхэн, томоохон үйл явдал юм.
2023 онд “Рио тинто”-гийн 150 жилийн түүхэн ой тохиож буйгаараа онцлог. 35 улсад үйл ажиллагаа явуулдаг, дэлхийд тэргүүлэгч группийн өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан мэдлэг, туршлага, техник, технологид тулгуурлаад уул уурхайн салбарт томоохонд тооцогдох зэсийн ордоо бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, ашиглах боломж бүрдлээ гэсэн үг.
Гүний уурхайн бүтээгдэхүүний олборлолт гэдэг бол технологийн хувьд нэлээд ярвигтай ажил байдаг. Тодорхой хугацаа шаарддаг. Олборлолтыг жилээс жилд нэмэгдүүлсээр 2028-2036 оны үед хамгийн өндөр түвшинд хүргэх зорилт тавьсан. Оюутолгойн гүний уурхайд блокчлон олборлох арга ашигладаг. Нэлээд нарийн ажиллагаатай, өндөр мэдлэг, технологи шаарддаг арга. Дэлхийд маш цөөн орон л ашиглаж чаддаг. Энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлцэл, харилцаа, хамтын ажиллагаа “Оюутолгой” төслийг амжилттай эхлүүлэх, цаашид амжилттай үргэлжлүүлэх үндэс суурь болж байгаагийн бас нэг илрэл юм.
-150 жилийн түүхтэй группийн технологи, туршлага, мэдлэгийг ашигласнаар Монгол Улсын уул уурхайн салбарыг шинэ түвшинд хүргэлээ гэж харж байна. Манай улсын мэргэжилтнүүд, ханган нийлүүлэгчид ч багагүй туршлага хуримтлуулсан нь дамжиггүй.
-Ер нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг дан ганц мөнгөн дүнгээр хэмжих нь өрөөсгөл. “Оюутолгой” төсөлд оруулж байгаа “Рио тинто”-гийн хөрөнгө оруулалтын хувьд ч ялгаагүй. Хамгийн гол нь монголчууд бид бүхэнд, хүнд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт гэж хардаг. Одоогийн байдлаар “Оюутолгой” ХХК 20 мянга гаруй ажилтан (үндсэн болон бэлтгэн нийлүүлэгч компанийн ажилтнууд багтаад)-тай. Үүний 97 хувь нь монголчууд. Энэ бол маш бахархам үзүүлэлт. Уул уурхайн салбарт олон жил ажилласан хүмүүс “Үндэсний ажилтныхаа тоог богино хугацаанд яаж ийм өндөр хувь хэмжээнд хүргэж чадав аа” гэж ихэд гайхдаг юм. Монголчууд дэлхийн хэмжээнд бэлтгэгдсэн, олон улсад ажиллах өндөр чадвартай уул уурхайн салбарын мэргэжилтэн, эксперт болж чадаж байна гэдэг нь бахархам явдал.
Энд нэг жишээг онцгойлон дурдмаар санагдлаа. Өмнө нь хэлсэнчлэн “Рио тинто” групп өдгөө 35 оронд үйл ажиллагаа явуулж буй. Эдгээр хилийн чанад дахь салбарт гэхэд 100 гаруй монгол залуус инженер, техникийн ажилтнаас эхлээд группийн захирлын алба хашиж байна.
-Та бүхэн өмнийн говьд дэлхийн шилдэг уурхайн цогболбор байгуулж, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа нь манай улсад олон талын дэвшил авчирсан. Өнгөрсөн хугацаанд Монголын нийгэм, уул уурхайн салбарт “Оюутолгой” төслөөс оруулсан өгөөжийн талаар тодруулна уу?
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын буюу тогтвортой байдлын гэрээг 2009 онд байгуулсан. Үүнээс хойших хугацаанд тус төсөл Монгол Улсад 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байна. Зөвхөн 2022 онд 1.6 тэрбум ам.долларыг дотоодын зах зээлд нийлүүлснээс 1.4 тэрбум нь борлуулалтын орлого. Өөрөөр хэлбэл, борлуулалтын бүх орлого дээрээ нэмээд 200 гаруй сая ам.доллар оруулж ирсэн гэсэн үг. 1.6 тэрбум ам.долларынхоо 1.3 тэрбум ам.долларыг үндэсний компаниудаас бүтээгдэхүүн, үйлчилгээ авахад зарцуулжээ. Одоогийн байдлаар 900 орчим компани “Оюутолгой” ХХК-тай хамтран ажиллаж байна. Үүний 500 гаруй нь үндэсний компани. Харин үүний 100 нь Өмнөговийнх. “Оюутолгой” ХХК Монгол Улсад оруулж ирсэн хөрөнгө оруулалт болгоноо Монголбанкаар дамжуулж, дотоодын зах зээлд ам.доллар нийлүүлдэг учраас гадаад валютын эх үүсвэрт ч тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулсаар ирсэн.
Монголд оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын 10 ам.доллар тутмын долоо нь “Оюутолгой” төслийнх гэсэн тооцоог Эдийн засаг, хөгжлийн яамны эх сурвалжид дурдсан байдаг. Ингээд харахаар “Оюутолгой”-н борлуулалтын орлогыг Монголд 100 хувь эргэн зарцуулж, нийт хөрөнгө оруулалтын 75 хувийг дотоодын компаниудаас бүтээгдэхүүн, үйлчилгээ авахад зарцуулж байна.
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэснээс 10 гаруй жилийн дараа гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх гэж байна шүү дээ. Ийм амжилтад хүрэхэд ямар сорилт, бэрхшээл тулгарав. Тэдгээрийг хэрхэн даван туулсан талаараа хуваалцаж болох уу?
-Энэ талаар яривал урт түүх болно. “Оюутолгой” бол Монгол Улсад хэрэгжүүлж байгаа хамгийн том төсөл, хамгийн том бүтээн байгуулалт. Сангийн сайд Б.Жавхлан Эдийн засгийн форумын үеэр “Рио тинто” бол 2009 оноос хойш манай улсад тууштай хөрөнгө оруулж, сайн, саар бүх цаг үед ямагт итгэл үнэмшилтэйгээр хамтран ажиллаж ирсэн” гэж дурдаж байлаа. Яг л ийм байсаар ирсэн. Сорилт, бэрхшээл цөөнгүй тохиосон. Ийм хэмжээний томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслийн зам дандаа дардан байна гэж үгүй шүү дээ. Янз бүрийн бэрхшээл гарч ирнэ. Хамгийн гол нь хамтран ажиллагч түншүүдтэйгээ байнга гэрээ хэлцэл хийж, нэгдсэн ойлголцол, зөвшилцөлд хүрч, итгэлцэл бий болгон тэр бүхнийг даван туулж ирсэн. Цаашдаа ч үүнийгээ баримтална. Бид урт хугацаандаа “Оюутолгой” төсөлд оролцогч талуудын үр өгөөжийг ямар нэг байдлаар үргэлж сайжруулах бодлого барьж байгаа.
-Оюутолгойн уурхайн үйл ажиллагааг эхлүүлснээс хойш аюулгүй байдал, байгаль орчин, орон нутгийн оролцогч талууд зэрэгт ихээхэн анхаарч, хөрөнгө оруулсан шүү дээ. Уул уурхайн салбарт жишиг болохуйц үйл ажиллагаанууд хэрэгжүүлж, олон улсын стандартуудыг нэвтрүүлсэн нь анзаарагддаг. Энэ талаар дэлгэрүүлнэ үү?
-150 жилийн хугацаанд хуримтлуулсан, 35 улсад явуулж байгаа үйл ажиллагааны үр дүнд бий болгосон “Рио тинто” группийн мэдлэг, туршлага гэдэг бол асар баялаг шүү дээ. Энэ үүднээсээ Оюутолгойн уурхайд хэрэгжүүлсэн ажлууд манай улсын маш олон салбарт шинэ санаачилга болсон юм. Аюулгүй ажиллагааны бүх дүрмийг Монголын хууль тогтоомж, олон улсын стандартын дагуу боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн. Үүнийг “Оюутолгой” ХХК-д ажиллаж байгаа хүн бүрийн эд эсэд шингээж, чанд мөрдүүлдэг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын амин чухал асуудал нь аюулгүй ажиллагаа шүү дээ. Бид аюулгүй ажиллагааны хамгийн сайн стандарт бий болгож чадсанаараа бахархдаг.
Тэрчлэн байгаль орчны салбарт хурцаар хөндөгддөг, хамгийн чухалд тооцогддог асуудлуудад онцгой анхаардаг. Байгаль орчны холбогдолтой бүх төрлийн үнэлгээ, тайлангаа тогтмол гаргадаг. Олон улсын, хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологиудыг ашиглаж, байгаль орчин, нөхөн сэргээлтийн ажлуудаа хийж байна. Хэрэглээний усныхаа 90 орчим хувийг дахин боловсруулж ашигладаг. Усыг нэг удаа ашиглаад хаяна гэсэн ойлголт байхгүй. Оюутолгойн уурхай газрын гүний эрдэстэй ус ашигладаг. Энэ нь унданд ашиглах боломжгүй үйлдвэрлэлийн зориулалттай ус. Үүнийг хүмүүс буруу ташаа ойлгодог юм билээ. “Оюутолгой” ХХК одоогоос гурван жилийн өмнө ус ашиглалтын шийдэл, технологиороо олон улсад үнэлэгдэж, дэлхийн стандартыг тэргүүлэгч шагнал хүртсэн. Түүнчлэн орон нутгийн хөгжлийг дэмжих, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр Монголдоо төдийгүй дэлхийн уул уурхайн салбарт үлгэр жишээ болохуйц ажлуудыг хийдэг. “Оюутолгой” ХХК 2015 онд орон нутагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Үүнийхүрээнд орон нутагт жил бүр таван сая ам.долларын хөрөнгө оруулдаг.
-Энэ төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэхэд Засгийн газар, хөрөнгө оруулагч тал, иргэд, олон нийт гээд тал талын оролцоо, дэмжлэг чухал юм шиг санагддаг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-“Оюутолгой” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагчдаас гадна ханган нийлүүлэгчид маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Дээр дурдсанчлан, үндэсний 500 гаруй компани “Оюутолгой”-д бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлдэг. Ер нь компани стратеги, бодлогоороо аль болох дотоодын хөрөнгө оруулалт, үндэсний компаниудыг дэмжих чиглэл баримталж ирсэн. Монголчууд нэг үеэ бодоход “Оюутолгой” төслийн үр өгөөж, хөрөнгө оруулалтын талаар ойлголт, мэдлэгтэй болсон байна. Хөрөнгө оруулалт гэдэг бол зөвхөн мөнгө биш. Монгол хүмүүст шинээр бий болгож байгаа мэдлэг, боловсрол, Монголд оруулж ирж буй ноу-хау, шинэ технологи ч хөрөнгө оруулалт. Нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа эерэг нөлөөлөл ч хөрөнгө оруулалтад багтана. Тийм ч учраас олон нийт энэхүү төслийг дэмжиж, Засгийн газар ч гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулалтын гэсэн нэртэй боловч тогтвортой байдлын гэрээ юм шүү дээ. Томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж, мега төсөл хэрэгжүүлэхэд бизнесийн тогтвортой орчин чухал байдаг учраас хаана ч, аль ч улсад ийм гэрээ байгуулах стандарт байдаг. Засгийн газар хөрөнгө оруулагчидтай энэ гэрээний хүрээнд хэрхэн хамтран ажиллаж, төслийг яаж илүү амжилттай болгох, үүнийг дагалдуулаад эдийн засгаа хэрхэн солонгоруулах вэ гэдэг тал дээр цаашид хамтрах, хийх ажил бий гэж хардаг.
-Хамгийн том хөрөнгө оруулагчийн хувьд та бүхний зүгээс Монголыг олон улсад сурталчлах, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн анхаарч, дэмждэг вэ. Жишээ нь, уул уурхайн томоохон чуулга уулзалтуудын үеэр “Оюутолгой” төслийн талаар мэдээлэл түгээдэг шүү дээ.
-“Оюутолгой” төсөл бол Монгол Улсыг гадаад ертөнц, гадаадын хөрөнгө оруулагчдад таниулж байгаа нүүр царай яалт ч үгүй мөн. Цаашдаа бид энэ төслөөс гадна нийгэм рүү чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Заримыг нь эхлүүлсэн. Тухайлбал, “Рио тинто Монгол” ХХК олон улсад 17 чиглэлээр бизнесийн үйлчилгээ үзүүлж байна. Монголчуудын олон жил ярьж буй “Монгол залуучуудынхаа эрдэм мэдлэгийг экспортолъё” гэх мөрөөдлийг “Рио тинто” бодитоор хэрэгжүүлж байна. Үүнийгээ цаашид өргөжүүлэхээр төлөвлөж буй. Тийм боломж бий. Энэ бол Монголыг олон улсад сурталчилж, хөрөнгө оруулж байгаа хэрэг шүү дээ. Үүнээс гадна бусад компанийг бизнесийн орчинд дэмжих зорилготойгоор жижиг, дунд бизнесийн хөтөлбөр боловсруулж байгаа. Бизнест ёс зүй хамгийн чухал. Ёс зүйтэй байж гэмээнэ бизнес амжилттай болж, хөрөнгө оруулалт татна. Үүний үндсэн дээр МҮХАҮТ-тай хамтраад Бизнесийн ёс зүйн төв ажиллуулж эхэлсэн. Ирээдүйд ногоон хөгжлийг дэмжсэн ажлууд хийхээр төлөвлөж байна.
“Оюутолгой” төслийн санхүүжилтээр дамжаад гадаадын 16 банк бидэнтэй хамтран ажилласан. Тэд бүгд Монгол Улс болон “Оюутолгой” төслийн талаар дориун ойлголттой болцгоосон. Ер нь аливаа нэг чуулга уулзалт, томоохон арга хэмжээний үеэр бид “Оюутолгой төслийн хувьд ийм шүү” гэсэн өнцгөөс мэдээлэл хүргэж, танилцуулдаг. Та бүхэн дуулсан бол “Рио тинто”-гийн Зэсийн группийн захирал Б.Болд Оюутолгойн уурхайн 1300 метрийн гүнээс live-аар Лондон руу холбогдож, хөрөнгө оруулагч нар болон хөрөнгө оруулалтын салбарын шинжээчдэд төслийн тайлангаа танилцуулсан шүү дээ. Энэ бол Монгол Улсыг дэлхий нийтэд, хөрөнгө оруулагчдад сурталчилж буй нэг хэлбэр юм. Та бодоод үзээрэй. Гайхалтай байгаа биз дээ. Бүхэл бүтэн 1.3 км-ийн гүнээс ямар ч саадгүйгээр тив алгасан саадгүй холбогдож, тайлан танилцуулна гэдэг. Ер нь бол гүний уурхайн олборлолтыг эхлүүлж байна гэдэг нь “Оюутолгой” зэсийн салбартаа томоохон тоглогч, Монгол Улс томоохон үйлдвэрлэгч болохын эхлэл гэсэн үг. Үүнийг Монголыг дэлхий нийтэд сурталчлах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүд хаалга гэж харж байна.