Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд сумын малчин иргэд, нутгийн удирдлагууд өнөөдөр худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн хувьцаа эзэмшдэг уул уурхайн компанид хууль зөрчин олгосон лицензийн талаар мэдээлэл хийлээ.
Иргэдийн мэдээлснээр Д.Эрдэнэбилэгийн хувьцаа эзэмшдэг “Аурум металс” ХХК-д 2015 онд алт, зэсний ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо хууль зөрчин усны сан бүхий газар, улсын отрын бүс тусгай хэрэгцээний газартай давхцуулж, иргэдийн саналыг авалгүйгээр олгосон.
Д.Энэдэнэбилэг нар 2015 оны гурван сард уг ашиглалтын лицензийг авсан даруйдаа дөрвөн сард нь Улаабаатар хотын банканд 16.0 сая, 2017 онд Худалдаа хөгжлийн банканд 26.0 сая ам.доллар /90.0 тэрбум төгрөг/-ын зээлийн барьцаанд тавьж, уурхайн хөрөнгө оруулалт хийх нэрийдлээр өөрөө өөртөө зээл олгожээ. Тус линцензийн талбайд ямар нэгэн уурхайн үйл ажиллагаа явуулаагүй нь авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулж, банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгө угаасан гэмт хэрэг байх үдэслэлтэй гэлээ.
Түүнчлэн уг ордын нөөцийг тодорхойлохдоо 2013 онд ганцхан цэгт гурван өрөмдлөг хийснээр тогтоосон гэх бөгөөд уг тайлангаа Уул уурхайн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан нь лицензийг мөнгө угаах хэрэгсэл болгох зорилгоор Монгол Улсын эрдэс баялгийн нөөцийг хуурамчаар нэмэгдүүлэн, улсыг залилан мэхэлсэн байж болзошгүй гэж иргэд үзэж байна.
Энэ талаар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын малчин Б.Баясгалан “Энэ нутагтаа есөн үеэрээ амьдарч байгаа хүмүүсийн нэг. Олон гол, олон нуурын эх гэж үздэг. Тэр дундаа Сэлэнгэ мөрний эх гэж эртнээс ярьсан. Энэ голын эхэн дээр алт, зэсний ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгож байгаа юм.Тиймээс сөрөг нөлөө ихтэй хэмээн үзэж бид эсэргүүцэж байна. Улаанбаатараас хөдөө рүү чиглэсэн “Хөдөөгийн сэргэлт”-ийг зарласан хэрнээ лицензээс болж ус байхгүй бол амьдрахад хэцүү болно. Манай улс мал дээр тогтох уу, уул уурхай дээр тогтох уу. Зарим нь мал аж ахуй, зарим нь уул уурхай дээр тогтоно гэж зөрчилдөж байна” гэв.