УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, ажлын албаны дарга Т.Төрболд, Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг, Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, ХХЕГ-ын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмарсүрэн тэргүүтэй албаныхан Өмнөговь аймгийн Гурвантэс сумд үйл ажиллагаа явуулдаг Шивээхүрэнгийн боомтод ажиллаж, нөхцөл байдалтай нь танилцжээ. Энэ үеэр уул уурхай, нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзаж, AGV, 5G тээврийн терминалын бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, экспорт, импорт болон хилийн зурваст нүүрс тээврийн чингэлэг солилцоход учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцсон аж. Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа экспорт, импортыг нэмэгдүүлэхэд төрийн байгууллагуудын үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэж, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг хуулийн хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Шивээхүрэнгийн боомтоор Нарийн сухайтын болон Цагаан дэрсийн бүлэг ордоос нүүрс олборлодог ес, байгалийн улаан чулуу олборлодог хоёр уурхайгаас 64 аж ахуйн нэгжийн 1200 жолооч, тээврийн хэрэгсэл ашигт малтмал экспортолдог гэнэ. 2022 оны жилийн эцсийн байдлаар 159 тээврийн хэрэгслээр 5.4 сая тн нүүрс хилээр гаргасан бол 2023 оны эхний хоёр сарын хугацаанд хоёр сая тн-ыг экспортолсон байна. Тус боомтоор хоногт дунджаар чингэлэгт тээврийн 280-350 (1120-1400 чингэлэг), задгай тээврийн 40-60, жолоочгүй автомат удирдлагатай (AGV) 20-30 тээврийн хэрэгслээр нүүрс экспортлож буй аж.