Хөдөө аж ахуйн салбар дахь залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний инновац шингэсэн бүтээгдэхүүн, шийдлийг дэмжих зорилготой шинэлэг гарааны бизнесүүдийг шалгаруулах “Agripreneurship Challenge” тэмцээнийг Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь" төслийн хүрээнд зохион байгуулсан.
Энэхүү тэмцээнд 21 аймаг, нийслэлээс нийт 100 гаруй аж ахуйн нэгж бүртгүүлсэн бөгөөд эцсийн шатанд шалгарсан 8 компани өөрсдийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулав.
Улмаар I байрт "Эйрий Фелт" ХХК–ийн “Хонины ноосон агаарын шүүлтүүр”, II байранд “Мэжик би фүүдс" ХХК-ийн зөгийн хандны өвдөлт намдаах, үрэвсэл дарах, эд эс сэргээх үйлчилгээтэй тосон түрхлэг, III байранд "Спек материалс" ХХК-ийн аргалын цаасыг тус тус шалгарууллаа.
Шилдгээр шалгарсан 3 компани нийт 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын шагналын эзэд болоод зогсохгүй төслийн зүгээс үргэлжлүүлэн хамтран ажиллаж тэдний шинэлэг бүтээгдэхүүнийг Монгол төдийгүй олон улсын зах зээлд гаргахад үргэлжлүүлэн дэмжих юм.