Агаарын тээврийн салбарын үйлчилгээний чанар болон нислэгийн тоо, багтаамжийг нэмэгдүүлэх, ялангуяа цаашид тийзийн үнийг хямдруулах боломжтойг Зам, тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)-наас өнгөрөгч долоо хоногт мэдээлсэн. Үүний хүрээнд МИАТ компаниас Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Истанбул, Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгийн тийзийн үнийг хямдруулжээ. Тухайлбал, Улаанбаатар-Сөүл чиглэлийн тасалбар өмнө нь 2.5 сая төгрөг байсныг 1.2-1.5 сая төгрөгөөр нисдэг болгожээ. Мөн Хонконг чиглэлийн нислэгийн тийзийн үнэ 2.1 сая төгрөг байсан. Тэгвэл өдгөө хоёр талдаа 1 780 000 төгрөгийн үнээр нисэх боломж бүрдүүлэв. Түүнчлэн Истанбул чиглэлд тийз захиалах өдөр болон суудлаасаа хамаарч энэ сарыг дуустал тийзийн үнийг хямдруулах юм байна.
Үүнээс гадна үйлчлүүлэгчдийн эрэлтэд тулгуурлан нислэгийн тоо, давтамжийг зарим чиглэлд нэмсэн аж. Тухайлбал, Сөүлийн чиглэлд өдөрт нэг удаа нислэг үйлддэг байсан. Тэгвэл өдгөө зарим өдөрт хоёр удаа нисдэг болжээ. БНСУ-ын Сөүл, Бусан, Тэгү, Мёонг гэсэн дөрвөн хот руу долоо хоногт 44 удаа нислэг хийдэг байсныг 80-д хүргэхээр төлөвлөсөн байна. Мөн Туркийн чиглэлийн нислэгийн давтамж долоо хоногт зургаа байсныг 34 болгожээ. Түүнчлэн Японы чиглэлийнх 26 байсныг 62, Тайландынх 10 байсныг 30 болгон нэмжээ. Мөн Бээжин рүү долоо хоногт 42 удаа нислэг хийхээр болгов.
Орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээнд хувийн хэвшлийн “Аэро монголиа” болон “Хүннү эйр” компани долоон чиглэлд нислэг үйлддэг. “Хүннү эйр” долоо хоног бүрийн баасан гарагт Улаангом, Ховдын чиглэлд нисдэг бөгөөд тийзийн үнэ нэг талдаа 573 100 төгрөг аж. ИНЕГ-аас мэдээлснээр агаарын хөлгийн шатахууны үнийг 30 хувиар бууруулах, мөн орон нутгийн нисэх буудлын үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ авснаар тийзийн үнэ буурах боломжтой гэж үзэж буй юм. Энэ оны эхний хагаст ЗТХЯ-наас дотоодын нислэгийг сэргээж, алслагдсан аймгуудруу нислэг хийх, өндөр настай, өвдсөн болон орон нутгийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломж бүрдүүлэхээр болсноо мэдээлсэн билээ.
Бэлтгэсэн Ж.Бурмаа