Улаанбаатар хотын хөрсний 80 гаруй хувь нь бохирдсон гэх судалгааг БОАЖЯ-наас гаргасан. Үүнтэй холбоотойгоор хөрсний бохирдлыг бууруулах, аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан ариун цэврийн байгууламжийг шинэчлэх шийдлийг эрэлхийлсэн “Эко ариун цэврийн байгууламж ба жорлон” хэлэлцүүлгийг өчигдөр БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газраас зохион байгуулав. Нэн тэргүүнд нүхэн жорлонгоос татгалзах, эко ариун цэврийн байгууламж байгуулах чиглэлээр хэлэлцүүлэгт оролцсон мэргэжилтэн, судлаачид илтгэл тавьж, санал солилцсон юм. Хэлэлцүүлэгт 47 байгууллагын 60 гаруй төлөөлөл оролцжээ. Улаанбаатар хотын хөрсөнд нянгийн судалгаа хийж, 76 цэгээс дээж авч, шинжилсэн талаар энэ үеэр судлаачид дурдлаа. Уг судалгааны дүнд нийт дээжийн 88 хувьд нян, хөгц мөөгөнцөр илэрчээ. Тэр дундаа гэр хороолол орчмоос авсан дээжийн 93 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн гэнэ.
Нийслэлийн хэмжээнд өдгөө 244 900 нүхэн жорлон бий аж. Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад буй билээ. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд нүхэн жорлонгоос татгалзаж, эко ариун цэврийн байгууламжууд олноор барих төлөвлөгөөг БОАЖЯ-наас өчигдрийн хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан. Үүний тулд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран ажиллах, дэмжих журам ч боловсруулжээ. Тухайлбал, орчин үеийн ариун цэврийн байгууламж бий болгосон аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн гэнэ. Уг дэмжлэг нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тодорхой хувийг хөнгөлөх, буцаан олгох, ногоон зээлийн санхүүжилт өгөх зэрэг байхаж. Түүнчлэн дөрөвдүгээр сард жуулчны баазуудыг шалгаж, нүхэн жорлонтой бол үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах гэнэ. Үүнээс гадна тусгай хамгаалалттай газар нутагт байгаа баазууд орчин үеийн ариун цэврийн байгууламжгүй бол газар ашиглах эрхийг цуцлахаар болсон байна.
Бэлтгэсэн Ж.Бурмаа