Монгол Улс 40 дэх улстайгаа буюу Катар руу шууд нислэг үйлдэх боломжтой болсныг ЗТХЯ-наас өчигдөр мэдээллээ. Тодруулбал, Монгол, Катарын хооронд шууд нислэг үйлдэх хоёр улсын Засгийн газрын агаарын тээврийн хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан байна. Ингэснээр Улаанбаатараас Ойрхи дорнод, Хойд Африк болон Булангийн орнууд руу иргэд шуурхай зорчин, ачаа тээвэрлэх боломж бүрджээ. Түүнчлэн аялал жуулчлал, бизнес, худалдаа эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх нөхцөл бүрдсэн гэнэ. Катарчууд Монголоос шинэ эко мах, хушны самар экспортлох сонирхолтой байгаа бөгөөд зундаа 50-60 хэм хүрч халдаг Арабын орнуудаас манайд ирэх жуулчдын тоо өснө хэмээн тооцжээ. Шууд нислэгийг агаарын тээврийн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч “Катар эйрвэйз” үйлдэх бол МИАТ компани карго ачаа тээвэрлэх эрх авсан байна. Мөн зах зээлийн эрэлт, захиалгадаа нийцүүлж хэзээ ч нислэг үйлдэх боломжтой гэнэ.