Засгийн газар авлигын эсрэг үйл ажиллагаагаа эрчимжүүлж, “5Ш” хэмээн томьёолж буй. Үүний нэг хэсэг болох “Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Солонгоо ахлахаар болжээ. Тус ажлын хэсгийнхэн өчигдөр мэдээлэл хийлээ. Төрийн үйлчилгээг анхан, дунд шатанд авахад үүсэж буй хүнд суртал, авлига өгөх эрсдэл үүсгэж байгаа нөхцөл байдлыг тогтоож, арилгах нь ажлын хэсгийн зорилго аж. Ингэхдээ иргэд, хувийн хэвшлийнхнээс мэдээлэл авч, хамтран ажиллах, ирүүлсэн саналд нь дүн шинжилгээ хийн, тэднийг чирэгдүүлж, авлига авах нөхцөл бүрдүүлж байгаа үйл ажиллагаа, чиг үүргийн талаар дүгнэлт гаргах юм байна. Ажлын хэсгийн ахлагч Б.Солонгоо энэ талаар “Буруутай хүн, албан тушаалтныг тогтоон, хариуцлага тооцохоос илүүтэй төрийн албаныхны авлига авах эрсдэлт хүчин зүйлийг илрүүлэн, арилгах нь бидний зорилго” гэв.
“5Ш” ажиллагаа дотроос шүгэл үлээхийг нийтийн үйл хэрэг болгох нь авлигатай тэмцэх ажиллагааг үр дүнд хүргэхэд том хувь нэмэр болохыг ажлын хэсгийн ахлагч хэлээд, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийг хамтран ажиллахыг уриаллаа. “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас хийсэн судалгааны хүрээнд “Авлигатай тэмцэх хамгийн үр дүнтэй арга юу вэ” гэж олон нийтээс асуухад дийлэнх нь “мэдээлэх” хэмээн хариулжээ. Хууль бус үйлдэл, эрх мэдлээ ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгож байгааг хараад, сонсоод өнгөрөөх бус, зохих газарт нь мэдээлэх нь нэн чухал. Нөгөө талаас дээрх судалгааны хүрээнд иргэд яагаад мэдээлдэггүй вэ гэсэн асуулт тавихад “Үр дагавраас айдаг” гэж хариулжээ. Иймд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-ын энэ хаврын чуулганаар батлуулах нь чухал хэмээн онцолсон юм. Тэд Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төв, “E-Mongolia” платформ, нийгмийн сүлжээн дээр албан ёсны пэйж болон ажлын хэсгийн гишүүдийн хаягаар мэдээллийг хүлээн авах гэнэ.
Мөн ажлын хэсгийн ахлагчийн хэлснээр авлига, албан тушаалын хэрэгт ногдуулах ялыг чангатгахтай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд боловсруулж буй аж. Энэ үеэр ажлын хэсгийн гишүүн, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал “Хоёрдугаар сарын 15-наар төрийн албан хаагчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ манай байгууллагад өгч дууссан. Бид 47 мянган хүний мэдүүлгийг авдаг. Үүнээс жилд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар 500 орчмыг шалгаж байгаа нь маш чамлалттай. Мэдүүлгүүдийг цаашид технологи ашиглан шалгана” гэв. Мөн тэрбээр Хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгийг захиран зарцуулах тухай хуулийн төсөл боловсруулж байгааг дуулгасан юм.