Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Капитал банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 6-9-ний өдрүүдэд хянан хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Тодруулбал, тус шүүхээс Капитал банкны гүйцэтгэх захирал А-г Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...банкийг төлбөрийн чадваргүй болгож их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.
Хохиролд 5 тэрбум гурван зуун сая төгрөгийг шүүгдэгч А.Ариунболд 3 сарын хугацаанд төлж барагдуулах тухай хүсэлт гаргасан, шүүх шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, харин шүүгдэгч Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарт холбогдох хэргийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.