“Агсал хулай” төвийн захирал, тав дахь үеийн өв тээгч, бийч Н.Бурмаа Япон Улсад сурч, ажиллаж буй. Монголчуудын өнө эртний соёл, эрхэм нандин өвийг тээж, орчинд цагийнханд түгээн дэлгэрүүлж, гадаадад эх орноо сурталчилж яваа түүнтэй онлайнаар ярилцлаа.
-Японд суралцаж багагүй хугацааг өнгөрүүлжээ. Тус улсын соёл, хөгжлийн талаар яриач. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэр хөдөлгөөнтэй байв?
-Тус улсын иргэдээс, соёлоос суралцах зүйл их. Тиймээс нэг хэсэгтээ энд суралцана. Япон орны хөгжилтэй танилцаж, соёлыг суралцахаар хичээж явна. Тэдний соёл үнэхээр агуу санагдсан. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр энд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хоёрдугаар сарын 14-ны өдөр эмэгтэй нь эрэгтэйдээ цэцэг өгдөг. Таалагдвал гуравдугаар сарын 8-нд залуу нь буцаагаад бүсгүйдээ цэцэг илгээдэг заншил, тогтсон хэв маягтай юм билээ. Гадуур маш их хөл хөдөлгөөнтэй, цэцэг тэвэрсэн охид, бүсгүйчүүд дүүрэн харагдсан.
-Суралцахынхаа хажуугаар үндэсний өв соёлоо сурталчилж, Японы гудамж талбайгаар бүжиглэж байгаа харагддаг. Хүмүүс хэр хүлээж авч байна.
-Японд ирээд хүүхэд, том хүн гээд 10 гаруй шавьтай болсон. Японы хип хоп, уламжлалт бүжиг, якуза зэрэг үзүүлбэртэй хэд хэдэн шоунд оролцсон. Япон хүмүүс Монгол гэхээр сонирхож ажиж, хувцаснаас барьж, илж, талархаж хүлээж авсан. Зарим япон хүн бүр Монгол гэж ямар хүн байдгийг мэдэхгүй гээд хамт зургаа авхуулсан. Мөн гуравдугаар сарын 19, дөрөвдүгээр сарын 6-нд том шоу тоглолтуудад үндэсний бүжгээрээ оролцохоор болсон. Монгол хүнийг, монгол урлагаа таниулахаар энд тэнд бүжиглэж байна. Хүмүүс сайхан хүлээж авсан. Мөн Монголчуудын хаврын баярт шавь нартайгаа оролцохоор бэлтгэж байна.
-Бүжгийн сургалт явуулахад хүндрэл учирсан уу, зөвхөн бүжгийн хичээл заадаг уу?
-Энд ирээд бүжгийн сургалт явуулахад хүндрэлтэй байсан. Тухайлбал, гаднын хүн энд заал түрээслэхэд хэцүү, тэр дундаа мужийн Соёлын төвд өрөө олддоггүй юм билээ. Хувийн байгууллагад өрөө, заал бол олдоно. Ташрамд хэлэхэд, Монголд элэгтэй, монгол хэлтэй, урлаг судлаач Японы иргэн Асано сан нэлээд дэмжлэг болсон. Энд үндэсний бүжгээ бүжиглэхээс гадна Япон бүжгийн үндсэн техник, аргыг сурахаар судалж байна.
-Японд хэр удах вэ. Монгол жаалууд бүжиг сурахдаа хэр эвсэлтэй байна?
-Жил гаруй болно. Сургуульдаа явж, судалгаа хийнгээ япон хэл сурч байна. Японд төрсөн монгол багачуудаа бүжиг заахаас гадна үндэсний соёл, дээл хувцасны тухай тайлбарлаж ярьж өгдөг. Хүүхдүүд эх хэлээ сайн мэдэхгүй, монгол ахуйг үзээгүй учир Монголын тухай хичээл ордог. Их дуртай, шимтэнгүй хүлээж авч байгаад баярладаг. Товчхондоо, монгол хүний онцлог, үндэсний нэгдмэл үнэт зүйл гэж юуг болохыг хүүхдүүдэд зааж байна. Цаашдаа “Агсал хулай”-г олон улсын төв болгохоор Япон, Австрали, Хятадад сургалт явуулж байлаа. Дараагийн өртөө АНУ байх болов уу.
-Манай үндэсний бий биелгээ японы бүжгээс юугаараа өвөрмөц байв?
-Монгол үндэсний бүжгийн хувцасны онцлог бусад орноос өөр. Морин хуур, товшуур зэрэг хөгжимтэйгээр, бүх биеийн үеэ хөдөлгөж чичиргэж, уян налархай, байгалийн хөдөлгөөн үзүүлж, бүжиглэдэг учраас бусад орноос язгуураараа өөр байдаг.