Цагдаагийн ахмад ажилтнуудтай уулзаж эрүүгийн нөхцөл байдал хүндэрч, онц ноцтой хүн амины хэрэг удаа дараа гарах болсон тухай ярилцахад “Дээр үед ч онц ноцтой гэмт хэрэг гардаг байсан юм шүү. Хурдан ч илрүүлдэг байж” гээд 1929 оны өвөл гарсан нэгэн хэргийн талаар ийн хуучиллаа. Бараа таваар ховор байсан болоод ч тэр үү жинчдийг дээрэмдэх хэрэг бараг өдөр алгасалгүй гардаг байж. 1929 оны өвлийн тэр нэгэн өдөр цагдаагийн газарт Баян давааны аманд гурван аянчинг хөнөөж, эд зүйлийг нь дээрэмдсэн байна гэсэн мэдээлэл ир жээ. Цагдаагийн ажилтан н.Цог-Очир, н.Сэрээтэр нар хэргийн газарт очжээ. Гэмт хэрэгтнүүд хоёрыг нь сүхдэж амийг нь хөнөөсөн байжээ. Харин арай залуухан нь зугтсан бололтой. Тэд араас нь хөөж байгаад сүхдэж хөнөөсөн нь илт байв. Хэн тэднийг хөнөөв. Хаанаас, хаа хүрч явсан хүмүүс вэ гэсэн асуултад хамгийн эхэнд хариулт олох хэрэгтэй болжээ. Тэр хавийн айлуудаас асуухад өдөр бүр морь, тэмээтэй хүмүүс байнга явдаг болохоор хэн нь хэн болохыг ял гаж хэлж чадахгүй гэсэн байна. Харин нэг хүү аянчид даваан дээр байсан гэдгийг хэлэв.
“Өглөө хонио бэлчээхэд гурван аянчин давааны ойролцоо харагдсан. Оройхон адуугаа хураахаар явж байтал даваан дээрээс хоёр хүн бууж байсан. Тэд замаар явахгүй байгааг хараад гайхсан” гэдэг мэдүүлэг аянчдыг хоёр хүн хөнөөж гэсэн сэжүүр боллоо. Нутаг буцаж байсан аянчдыг хотоос хүн дагаж гараад эд зүйлийг нь дээрэмдэн, амийг нь хөнөөжээ гэсэн таамаг дэвшүүлээд тэд хот руу буцаж морьдоо Туул голоос услав. Улаан гүүрэн дээгүүр арваад тэмээнд ачаа ачсан хүн явахыг хараад Цог-Очир аянчдын дээрэмдсэн талаар ярив. Гэтэл тэдний дунд явсан нэгэн өвгөн “Хөөрхий муу Рэгзэн, Дүгэр хоёр муу юманд өртөхөөргүй гэмгүй хүмүүс юмсан. Яах нь энэ вэ” хэмээн халаглав. Өвгөн тэднийг хаана буудалласан, ямар ачаа таваартай байсныг нэгд нэгэнгүй хэлэв. “Сайн хүн таарч хашаандаа буулгалаа” гэж ярьж байсныг өвгөн цагдаад хэлэхэд “Яг хаахна юм бол” гэхэд “Тодорхой мэдэхгүй. Зүүн дамнуурчны ойролцоо гэж ярьж байсан” гэв. Ингээд тэд морьдоо цагдаагийн жүчээнд оруулаад Зүүн дамнуурчны гудамжаар баахан хайжээ.
Хашаандаа аянчид буулгасан айл олдохгүй баахан хайсны эцэст нэг хашаанд үхэр мал байсан ул мөр илт байв. Хашаанд ганц гэр, навсархай амбаараас өөр зүйл алга. Хажуугийн айлаас нь гэрийн эзэд хаашаа явсныг асуухад “Содном уу” гэсээр нэг өвгөн гараад ирэв. “Содном хаашаа явсан юм бэ. Би өглөгтэй хүн байна” гэхэд өвгөн “Үүрээр аянчин найзуудаа гаргаж өгөөд ирнэ гээд явсан. Одоо хүртэл байдаггүй. Ирэх хугацаа болсон л юмсан” гэв. Содномын ах дүү, найз нөхөд нь хаана байгааг асуухад өвгөн цааргалж олон зүйл асуулаа гэж уурлав. Тэд өөрсдийгөө цагдаагийн ажилтан гэдгээ хэлж, аймшигт хэрэг гарсан тухай дуулгахад сандарсан өвгөн хамгийн ойр дотны хүн болох хар Даваа гэгчийг зааж өгчээ. Содномыг асууж очиход Хар Даваа “Та хоёр авлагатай улс уу. Түүнээс мөнгөө салгаж авна гэж байхгүй дээ” гэсээр угтав. Хэргийн талаар ярьж, Содномын найз нөхдийг асуухад “Хоёр хоногийн өмнө хөдөөнөөс аянчин найзууд ирсэн. Архи авах мөнгө өгөөч гээд явж байсан. Би архи өгсөн. Харин хоёр найз мөнгөө нэхээд амар заяа үзүүлэхгүй байна гэж ярьсан” гэж нэмж хэлэв.
Хар Даваагаар Содномын найз Рэнцэндорж, Батнасан нарын гэрийг заалгаад очсон байна. Баруун дамнуурчны агчны гудамжинд байх Батнасангийнд эхлээд очихоор болов. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваад Эргүүлийн цагдаа Гочоог гэрт нь оруулав. Содномыг хаана байгааг асуухад айж сандарсан Батнасан “Мэдэхгүй” гэхээс өөр үг дуугарахгүй байна гэж цагдаа Гочоо дарга нартаа хэлэв. Төд удалгүй хашаа даваад нэг хүн зугтахад араас нь хөөж мухар гудамжинд Батнасанг саатуулжээ. “Би алаагүй, тэр өөрөө хүн алсан. Эд зүйлээс нэг ч зүйл би аваагүй” хэмээн тэр мэлзэв. Олон арга барил хэрэглэж, тулган асуусаар гэмт хэрэг хамт үйлдсэн болохыг хүлээлгэж, ноцтой гэмт хэргийг гурван өдрийн дотор илрүүлжээ.
Содном, Батнасан, Рэнцэндорж нар эртний танилууд аж. Содном ажил төрөлд сайн ч олсон мөнгөө архинаас өгчихөөд ойр дотны хүмүүсээсээ мөнгө зээлж, өгөхгүй хашраасан нэгэн аж. Харин Батнасан, Рэнцэндорж нар хүссэн үед нь мөнгө өгч, зээлээ өгөхгүй болохоор нь гэрийнх нь өнгөтэй гэсэн бүхнийг авч эцэстээ навсархай амбаараас өөр зүйл үлдээгүй нь тийм учиртай аж. Аргаа барсан Содном энэ дарамтаас гарахын тулд сайхан сэтгэлтэй хөдөөгийн жинчдийг дээрэмдье гэсэн бодолтой захаар байнга явдаг болж. Тэр нэгэн өдөр ачаа хөсгөө хаана хонуулахаа мэдэхгүй тэвдэж явсан хоёр эртэй таарчээ. “Найз нөхөд болъё, хотод ирээд манай хашаанд ачаа бараагаа хадгалж бай” гэж Содном найр тавин гэртээ хонуулжээ. Өглөө эрт хотоос гаргаж өгөх нэрийдлээр хамт явсан аж. “Замдаа тэднийг согтоож хамаг зүйлийг нь дээрэмдээд та хоё рын өрийг дарна” гэж нөгөө хоёртоо дуулгачихаж.
Их мөнгө, барааны тухай дуулсан Батнасан, Рэнцэндорж нар үүрээр тэднийг дагажээ. Хоёр жинчин замдаа Содномтой архи хувааж уугаад Баян давааны орчим ирээд нам согтчээ. Архи нэлээдгүй хүртсэн Содном ч тэргэн дээр нь унтаад өгч. Энэ үед нь тэд дайрч хоёр жинчнийг сүхдэж амийг нь хөнөөсөн байна. Гэтэл Содном сэрээд зугтжээ. “Түүнийг хөнөөхгүй бол баригдана” гэж тэд хэлэлцээд араас нь хөөсөөр тархи руу нь цохиход “Та нарыг мөнгөний төлөө намайг хөнөөнө гэж бодсонгүй” гэж хэлээд амьсгал хураажээ. Цагдаагийн ахмад ажилтнуудад хурдан машин, техник хэрэгсэл байгаагүй ч хэргийн сэжүүрийг хамгийн зөв гаргаж чадсан нь онц ноцтой гэмт хэргийг илрүүлэхэд тусалжээ.