Ардчилсан хувьсгалын төлөө тэмцэж явсан шашны зүтгэлтнүүдийн нэг Д.Баасан ламын эхнэр Д.Алтанцэцэг, тэдний охин Б.Эрдэнэзул нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 7-нд хэлэлцэн шийдвэрлэлээ. Анагаах ухааны доктор, профессор Д.Алтанцэцэг, 2020 оны УИХ-ын сонгуульд ШИНЭ эвслээс Орхон аймагт нэр дэвшиж байсан, Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад ҮАБЗ-ийн орон тооны бус шинжээч асан Б.Эрдэнэзул нар БНХАУ-ын тагнуулын байгууллагын ажилтан Бао Гуожунтай хамтран ажиллаж, мэдээ сэлт дамжуулж өгсөн хэрэгт холбогдон ТЕГ-ын Мөрдөн шалгах газарт шалгуулсан бөгөөд НПГ-аас ээж, охин хоёрт Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсгийн “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт цуглуулсан, дамжуулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бол өмнөд хөршийн иргэнд мөн хуулийн 19.10-1-ийн “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн” хэмээн яллах дүгнэлт үйлджээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэдэнд холбогдох хэргийг 2022 оны аравдугаар сарын 6-нд хаалттай хэлэлцээд Д.Алтанцэцэг, Б.Эрдэнэзул нарт найман жил, Бао Гуожунд 12 жил хорих ял оноосон юм.
Давж заалдах шатны шүүх дээрх гурван хүнд холбогдох хэргийг хэлэлцээд Хятадын тагнуулын албаны ажилтантай хамтран ажилласан гэм буруутай нь тогтоогдсон, анхан шатны шүүх энэ хэрэгт оноох эрүүгийн хариуцлагын хамгийн бага буюу найман жил хорих ял оноосон нь хуульд нийцсэн гэж дүгнэжээ. Улмаар шийтгэх тогтоолд бага зэрэг өөрчлөлт оруулсан ч анхан шатны шүүхээс оноосон хорих ялыг хэвээр нь үлдээсэн байна.
Бэлтгэсэн Г.Орчлон