Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах, УИХ-ын түр хорооноос нотлох баримт шинжлэн судлах гурав дахь сонсголыг энэ сарын 13-17-нд зохион байгуулахтай холбогдуулан тус түр хорооны дарга Б.Энхбаяр, гишүүн Н.Батшугар нар өчигдөр мэдээлэл хийв. Энэ удаа Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 1.6 их наяд төгрөгийн, 2542 төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнг хэлэлцэх нь. Түүнчлэн 2011-2020 онд Хөгжлийн банкныбусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн мэдээллийг сонсож, арилжааны банкуудад байршуулсан нийт 3280 мөнгөн хадгаламжид дүн шинжилгээ хийснийг танилцуулах юм байна.
Гурав дахь удаагийн сонсголоор хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан хянан шалгагч, шинжээчдийн багийн бүрэлдэхүүнийг өргөтгөж, есөн хүнийг ажиллуулж буй аж. Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Сангийн сайд асан С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар, “Эм Си Эс” группийгүүсгэн байгуулагч Ж.Оджаргал, “Таванбогд” группийгүүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, “Буян” компанийгүүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг, Н.Батбаяр, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа нарын 210 хүнийг гэрчээр оролцуулахаар дууджээ.
Бэлтгэсэн Б.Уран