Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах байнгын ажиллагаатай дэд зөвлөлийг Шадар сайдын тушаалаар байгуулжээ. Тус зөвлөл нь орон сууц, олон нийтийн зориулалттай барилга байгууламжийн газар хөдлөлтийн чичирхийллийг тэсвэрлэх байдал, чанарыг шалгах, паспортжуулах үүрэг гүйцэтгэх нь. Мөн шаардлага хангахгүйг нь хүчитгэх, эсвэл буулгаж, шинэчлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Энэ зөвлөлийг Шадар сайд ахлах бөгөөд холбогдох есөн яамны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, таван агентлагийн удирдлагын бүрэлдэхүүнтэй ажиллах юм. Түүнчлэн Шинжлэх ухаан, технологи, инновацын дэд зөвлөл байгуулаад буй бөгөөд үүнийг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд тэргүүлж, бүрэлдэхүүнд нь холбогдох яам, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдийн төлөөлөл багтжээ. Уг зөвлөл нь гамшигт өртөх эрсдэл, эмзэг байдлыг бууруулах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрэгжүүлэх үүрэгтэй юм байна.
Бэлтгэсэн М.Оч