АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Ж.Блинкен болон Тэргүүн хатагтай Жилл Байден нар Цагаан ордонд жил бүр болдог Олон улсын эмэгтэйчүүдийн эр зоригийн (IWOC-Internatiol Women of Courage Award) шагнал гардуулах 17 дахь ёслолыг гуравдугаар сарын 8-ны Лхагва гарагийн 14.00 цагаас зохион байгуулахаар шийдвэрлэжээ. 2023 оны IWOC шагналыг дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан нийгмийн гэрэлт ирээдүйг цогцлоохын төлөө ажиллаж буй “онцгой” гэсэн тодотголтой 11 эмэгтэйд олгох аж.
Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор энэ жилийн шагнал авах эмэгтэйчүүдийн нэгээр шалгарсан тухай сайхан мэдээ ирлээ.
Бригадын генерал Г.Болор нь Зэвсэгт хүчинд 30 шахам жил ажиллаж, эх орныхоо төлөө зүтгэхдээ эмэгтэй цэргийн алба хаагчдаа үлгэрлэн манлайлж, олон чиглэлээр үүд хаалгыг нээж өгчээ. Тэрээр Монгол Улсын Цэргийн их сургуулийн анхны эмэгтэй сонсогчоос эхлээд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд томилогдсон анхны эмэгтэй штабын офицер, Нью-Йорк дахь НҮБ-ын төв штабт ажилласан анхны Монгол офицер, түүнчлэн анхны эмэгтэй генерал цолтон болсон зэрэг Монголын хэд хэдэн анхдагч амжилтын эзэн болсон юм. Мөн тэр АНУ-ын Дайны коллежийг төгссөн анхны эмэгтэй офицер юм. Түүнийг НҮБ-ын энхийг сахиулах олон ажиллагаанд оролцож, эх орон, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа амжилттай гүйцэтгэн, энх тайван, шударга ёс, хүний эрх, жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүд, охидын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр тууштай ажиллаж ирснийг үнэлэн энэхүү шагналыг олгохоор шийдвэрлэжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэрэмжит IWOC шагнал олгох ёслол нь 2007 оны гуравдугаар сараас эхлэн зохион байгуулагдсан бөгөөд одоогоор дэлхийн өнцөг булан бүрээс эр зориг, хүч чадал, манлайллаар шалгарсан 80 гаруй орны 180 гаруй эмэгтэйг шагнаад байна.