Хилчид төөрсөн иргэнийг 25 цагийн дараа Өмнөговь аймгийн “Үнэгэн ус” хэмээх газраас осголтын байдалтай оллоо.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн 22 настай Ө нь энэ сарын 01-ний 12.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болжээ. Ар гэрийн зүгээс орон нутгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн 23.00 цагт дуудлага мэдээлэл өгсний дагуу эрэн хайх ажиллагааг цаг алдалгүй эхлүүлж, сум орон нутгаас 4 автомашин, 3 мотоциклтой, 25 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Орон нутгийн удирдлагаас эрэн хайх ажиллагаанд хилчдийн дэмжлэгийг хүссэний дагуу Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0166 дугаар ангиас Хил хамгаалалтад ашиглаж буй дроноор эрэн хайх ажиллагааг явуулсны дүнд 03 дугаар сарын 03-ны 01.00 цагийн орчимд уг иргэнийг бага зэргийн осголтын шинж тэмдэгтэйгээр олсон байна. Хил хамгаалах байгууллагад ашиглаж буй орчин үеийн дэвшилтэт техник, технологи болох дрон нь улсын хил хамгаалалтад төдийгүй ард иргэдийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг орон нутгийн удирдлагын зүгээс онцлон тэмдэглэж, цаг алдалгүй шуурхай ажиллаж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг аварсанд Хил хамгаалах байгууллага болон ангийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлсэн юм.