Нийслэлийн иргэдийн хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж, өнгөрсөн өвөл 12 аж ахуйн нэгж 7300 орчим тонн мах нөөцөлжээ. Үүнийг энэ сарын 15-наас борлуулж эхлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Эхний ээлжид есөн дүүрэгт, томоохон супермаркет болон нэрийн дэлгүүр зэрэг 484 цэгт худалдах бөгөөд цаашид тоог нь нэмж магадгүй гэнэ. Мөн үнийн хувьд зах зээлийн дунджаас хямд байх аж. Ташрамд дурдахад, өнгөрсөн жил үхэр, хонь, ямааны нийт 12 600 тонн мах нөөцлөн, борлуулсан. Үхрийн махыг кг-ыг нь 8900, хониныхыг 8300, ямааныхыг 7100 төгрөгөөр худалдаж байв.