Жендерийн үндэсний хорооны 2023 оны ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Ерөнхий сайд, тус хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ эл хуралдаанд оролцож, өнгөрсөн онд жендерийн тэгш бус байдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлсэн болон энэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудыг танилцуулж, цаашид анхаарах асуудлаар үүрэг, чиглэл өгөв.
Жендерийн үндэсний хороо нь төрийн болон төрийн бус байгууллагын тэнцүү оролцоог хангасан 35 гишүүнтэй. 14 салбар зөвлөл, 31 салбар хороогоор дамжуулан үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн онд 40 ажил төлөвлөснөөс 98 хувьтай хэрэгжүүлсэн талаарх тайлан, 2023 онд таван зорилтын хүрээнд 65 үйл ажиллагаа хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг тус хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр танилцууллаа. Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхлүүлсэн эрүүл мэндийн эрт илрүүлгийн урьдчилсан дүнгээр эрчүүдийн дунд өвчлөл, нас баралт их байгаа талаарх судалгааг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, төрийн бүх шатанд авлигыг бууруулах, үүнд эмэгтэйчүүд хэрхэн нөлөөлж болох тухай илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо нар тавив.
Өнгөрсөн арван сарын хугацаанд 860 мянган хүн эрүүл мэндийн эрт илрүүлэг, оношилгоонд хамрагдсаны 45 хувь нь эрчүүд, 55 хувь нь эмэгтэйчүүд аж. Хамрагдсан эрчүүдийн дунд хавдар, элэг, цөс, ходоодны өвчлөл их байжээ. Эндээс харвал жендер гэдэг ойлголт зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай зүйл биш, эрчүүдийн боловсрол, эрүүл мэндэд онцгой анхаарах цаг болсныг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцлов. Монгол Улс өнгөрсөн хугацаанд төр, хувийн хэвшлийн жендерийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлснээр Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Жендерийн ялгаатай байдлын индекс”-ээр нэг жилийн дотор 10 байр урагшилж, 153 улсаас 69 дүгээрт эрэмбэлэгдсэн. Гэхдээ цаашид жендерийн тэгш бус байдлыг залруулахад хэрэгжүүлэх бодлого, хийх ажил чамгүй их байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарим статистик тоо, баримтаар тодотголоо.
Манай улсын нийт хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд. Эрэгтэйчүүдийн дундаж цалин эмэгтэйчүүдийнхээс 20 хувиар өндөр. Их, дээд сургуульд суралцагчдын хүйсийн тэнцвэр алдагдаж, бакалаврын түвшинд суралцагчдын 40 хувь, сургууль завсардсан хүмүүсийн 72 хувь нь эрэгтэйчүүд байна. Өрх толгойлсон гэр бүлийн 13 хувь нь эрэгтэйчүүд, 86 хувь нь эмэгтэйчүүд. Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 жилээр богино байна. Тиймээс жендерийн тэгш бус байдлыг бууруулж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх тэгш байх, нийгмийн харилцаанд орох, хөгжих тэгш боломжоор хангах тэнцвэртэй бодлого явуулах шаардлагатайг Ерөнхий сайд хэллээ. Тэрбээр, “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих замаар сайн засаглалыг хөгжүүлэх чиглэлээр 2022 онд Засгийн газрын бүрэлдэхүүнд гурван эмэгтэй сайд, гурван яамны Төрийн нарийн бичгийн даргаар эмэгтэйчүүдийг дэвшүүлэн томилсон. Мөн түүхэнд анх удаа аймгийн Засаг даргаар эмэгтэй хүнийг томилсон. Гэвч энэ бол хангалттай үзүүлэлт биш. Цаашид жендерийн талаарх хандлагын реформ хийх цаг болжээ. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хүйсийн тэнцвэрийг хангахад анхаарах ёстой. Эрчүүдийн эрүүл мэндэд анхаармаар байна. Тэдний эрүүл мэнд, боловсролын асуудалд ч эмэгтэйчүүд эергээр нөлөөлөх хэрэгтэй. Авлигатай тэмцэх ажилд эмэгтэйчүүд манлайлж, нөлөөлж оролцох цаг болжээ. Улс төрийн оролцоог нь сонгуулийн зөв тогтолцоогоор хангаж өгөх нь зүйтэй. Жендер гэхээр эмэгтэйчүүдийг дарга болгох, албан тушаалд томилох зорилготой гэж ойлгож болохгүй. Аливаа асуудалд аль нэгийг нь дэмжих бус, арга, билгийг тэнцвэржүүлбэл нийгэм хөгжинө. Тиймээс хандлагын өөрчлөлт чухал байна” гэлээ.